Замын-Үүдэд үүсээд буй нөхцөл байдлын талаар улс хоорондын ачаа тээврийн жолооч нар нэгдэж, мэдээлэл хийлээ. Тэд “Бид гурван зүйлийг шаардаж байна. Замын-Үүдэд 30 мянга гаруй иргэд амьдардаг. Суурьшлын бүс. Гэтэл стандарт бус аргаар нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэж байна.
Иргэн н.Эрдэнэбилэг "Замын-Үүд сумаар нүүрс тээвэрлэлт явуулах гэж байна. Бид эрүүл цэвэр орчинд амьдрах ёстой. Цагаанхад гэх мэт зориулалтын газраараа явуулах хэрэгтэй шүү дээ" гэлээ.
"Засгийн газраас Замын-Үүдэд удаа дараа ажилласан. Бүрэн эрхт төлөөлөгч гээд хүмүүс ирсэн. Хэсэг хугацаанд ажилласан. Тухайн үед тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэтэл одоо нөхцөл байдал буцаад хүндэрлээ. Ачааны үнийг жолооч нар өсгөж, хөөрөгдүүлж байна гэсэн буруу мэдээлэл нийгэмд тараагаад байна.
Гэтэл бодит байдалд, өдөрт Замын-Үүдээс Эрээн рүү иргэдийн 25-хан машин орж байна. Засгийн газрын цохолттой нүүрсний 40 гаруй машин орж байна. "25-хан машин орж байгаа учир гацаа үүсч байна. Тиймээс бид Эрээн рүү орж байгаа тоогоо нэмээд 100-гаар нь оруулаад өгөөч ээ. Тэгвэл ачаа тээврийн үнэ хүссэн, хүсээгүй бууна. Үнийн хөөрөгдлийг өсгөөд байгаа бодит байдал нь энэ" гэдгээ илэрхийлсээр байна. Ковид гараагүй байхад 200 гаруй машин явдаг байсан. Ард түмэн бухимдаад ирэхээр жолооч нар үнээ нэмж байна, гацаагаад байна гээд бид нар руу чихэж байна. Бид Засгийн газрын гэрээний дагуу Эрүүн рүү ордог. Засгийн газар "Та бүхний дээд тээврийн хөлс 10 сая төгрөг. Энэ гэрээг хийвэл хий, хийхгүй бол орох, гарах эрхийг хаана" гэсэн. Бид гэрээний л дагуу ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 1 машин улиралд 1 удаа л орж байна. 5000 гаруй жолооч нар байна. Эрээнд байгаа жолооч нар цөөдөөд, Монголоос жолооч авах боломжгүй бол Өвөрмонгол жолооч нар гаргаж өгөөч. Бид эндээ чөлөөтэй 100-гаар нь гаргая. Тэгэж байж үнийн хөөрөгдөл буурна" гэв.