Нөхөн сонгуультай холбогдуулан Хөдөлмөрийн үндэсний нам УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Тус намаас Б.Найдалаа нэр дэвшиж, саналын тоогоороо хоёрт жагссан юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Нөхөн сонгуулийн үр дүнд бид нийтээрээ харамсаж байна. Нийт иргэдийн дөч хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Хэнтий аймагт л гэхэд 34 хувьтай байна. Сонгуулийн ирц хүрээгүй тул нэмэлт санал хураах боллоо. Мөн бүгд мэдэж байгаа. Эрх баригчид маань машин машинаар иргэдээ зөөж дүүрэг хороодын бүх ажилтан албан хаагчдыг ажиллуулсан мэдээлэл манай намд ирж байна. Маш олон хүмүүсийг зөгөөд ч ирцэндээ хүрсэнгүй. Бодит байдлаа дүгнэе. Ийм байдлаар явбал Монголд ардчилал нурж, ардчилсан сонгууль байхгүй болох нь. Шатахууны хомстол үүслээ. Бараа бүтээгдэхүүний хомстол үүслээ. Иргэд маань эрх барьж байгаа намд бухимдлаа сонгуульд оролцолгүйгээр илэрхийлж байна. Үнэндээ Монголын ардчилал дүүрэг, хороо, сум, багийн дарга, тэдний дор ажиллаж байгаа албан хаагчид мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна.
Иймд бид өчигдрийн сонгуулийн дүнг үндэслээд дүгнэлт хийх ёстой. Монголын ардчиллыг хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авахыг эрх баригч болон бусад намуудад уриалж байна. Үүнд:
Сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй.
Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олгоё.
Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байх зохицуулалтыг ажил хэрэг болгоё.
Эдгээр асуудалд хамтарч ажиллахыг нийт улс төрийн хүчнээс хүсэж, уриалж байна. Мөн нэг намын тогтолцоог бий болгож байгаагаа өөрчлөхийг МАН-аас шаардаж байна.
Түүнчлэн саналаа өгөөгүй иргэдэд хандаж хэнийг сонсох нь хамаагүй, сонгуульдаа идэвхтэй оролцооч гэж хүсэж байна" гэлээ.