Даун бол өвчин биш, хам шинж. Ердөө л ураг эхийн хэвлийд бүрэлдэх явцад 46 хос хромосомын 21 дэх хос хромосом нь бүрэн салаагүй эсвэл нэг хромосом илүү үүссэнээр даунтай болдог байна. Дауны хам шинжтэй хүүхдүүдийн хувьд эрүү амны гажиг үүсэх эрсдэл өндөр байдаг ажээ.
Бид дауны хам шинжтэй хүүхдүүд болон тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн шүдийг хөнгөлөлттэй үнээр оношилж, эмчилдэг нэгэн шүдний эмнэлгийг зорьсон юм. Биднийг эмнэлгийн гадна очиход “Цэмгар" эмнэлгийн 5 жилийн ойн баярын хүрээнд бүх үйлчилгээ 10 хувь хямдралаа” гэсэн бичиг ханандаа байрлуулсан, хоёр жижиг цонхтой барилга угтлаа. Дотогш ороход баярын чимэглэл энд тэндгүй өлгөсөн байх нь төрсөн өдрийг санагдуулах аж. Харин урьдчилж утсаар холбогдсон эмч биднийг хүлээж байсан мэт хүлээн авахын хэсэгт зогсож байв.
Ингээд "Цэмгар" эмнэлгийн үүсгэн байгуулагч, захирал, Нүүр амны мэс заслын их эмч, Анагаах ухааны магистр Б.Энэрэлтэй ярилцлаа:
-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Танай эмнэлгийг дауны хам шинжтэй хүүхдүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлдэг гэж сонсоод хүрээд ирлээ?
-Анх эмнэлэг байгуулахдаа дауны хам шинжтэй хүүхдүүдийг хөнгөлөлтэй үнээр эмчлэх тухай төсөл бичиж байсан. Учир нь манай дүүгийн анхны хүүхэд дауны хам шинжтэй төрсөн. Үүнээс шалтгаалан энэ хүүхдүүд гэр бүл болон нийгмийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм байна. Тэдэнд илүү их хайр халамж хэрэгтэй гэдгийг ойлгосон. Дауны хам шинжтэй хүүхдүүдийн гэр бүл санхүүгийн хувьд өндөр зарлагатай байдаг. Эдгээр хүүхдүүд төрөлхийн дархлаа сул, өвчлөмтгий, эмнэлгийн нэмэлт үйлчлгээ авах байнгын шаардлагатай. Мөн хөдөлгөөн болон хэл заслын эмчилгээ хийлгэх, тусгай цэцэрлэг, сургуульд явах гээд нэмэлт санхүүгийн эх үүсвэр хэрэгтэй байдаг. Бидний зүгээс эдгээр хүүхдүүдийн гэр бүлд тус дэм болох үүднээс хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг.
-Анх байгуулагдсан цагаас хойш гэхээр 5 жилийн хугацаанд хөнгөлөлтгүй үйлчилж байна гэсэн үг үү?
-Тиймээ. Таван жилийн өмнө анх байгуулагдсан. Түүнээс хойш тасралтгүй хөнгөлөлт үзүүлж, даунтай хүүхдүүдтэй ажиллаж байна. Мөн манай эмнэлгийн таван жилийн ой тохиож байна.
-Хамт олонд нь ойн баярын мэнд хүргэе. Нэг хүүхдэд хэдэн хувийн хөнгөлөлт үзүүлдэг вэ. Энэ нь зөвхөн нэг удаагийнх уу?
-Дауны хам шинжтэй хүүхдэд 50 хувь, гэр бүлийн бүх гишүүдэд 30 хувийн хөнгөлөлт үзүүлдэг. Нэг удаа биш ээ. Тухайн хүүхэд болон гэр бүлийнх нь гишүүд хэдэн ч удаа үйлчлүүлсэн энэ хөнгөлөлт хүчинтэй байна. Хүн бүр зургаан сар тутамд шүдээ үзүүлэх ёстой байдаг. Зарим өвчлөлийн үед 3, 4 сар болоод үзүүлэх ч тохиолдол гардаг. Түүнээс хамааран хүүхдүүд маань жилд 2-3 удаа ирж шүдээ үзүүлдэг.
-Таван жилийн хугацаанд дауны хам шинжтэй хэчнээн хүүхдэд эмчилгээ хийсэн бэ?
-Давхардсан тоогоор 100 орчим хүүхэд байна. Нэг удаа шүдээ эмчлүүлээд явсан хүүхэд буцаж ирэхгүй байх нь ховор байдаг. Хамгийн бяцхан үйлчлүүлэгч маань хоёр настай, хамгийн том нь 20 гаран настай.
-Тухайн хүүхдүүдэд эмчилгээ хийхэд ямар нэг саад бэрхшээл тулгардаг уу?
-Тухайн хүүхэд аль шүдээ өвдөж байгаагаа хэлж чаддаггүй. Өөрийгөө бүрэн илэрхийлж чадахгүй шүү дээ. Тиймээс эмчээс мэргэжлийн нарийн ур чадвар шаарддаг. Эмчилгээ хийхийн өмнөх өдөр хүүхэдтэй уулзаж, эмнэлгийн орчин, хэрэгсэлтэй дасгадаг. Нэгэнт ойлгосон хүүхэд дараа дараагийнхаа үзлэг, эмчилгээнд дуртай ирдэг. Шууд үзлэгийн сандал дээр суулгаад уйлуулаад эмчилвэл тэр хүүхэд дахиж шүдээ үзүүлэхээс айна. Насан туршдаа шүдний эмчээс айх айдастай болох магадлалтай.
-Энэ тал дээр эцэг эхчүүдийн хандлага ямархуу байдаг вэ?
-Эцэг эхчүүдийн хандлага маш сайн. Даунтай хүүхэдтэй эцэг эхчүүд эмнэлгээр байнга үйлчлүүлээд, сурсан байдаг. Манайхаар үйлчлүүлдэг эцэг эхчүүд маш талархалтай ханддаг. Учир нь бусад эмнэлгүүд дауны хам шинжтэй хүүхдэд зориулж тусгайлан цаг гаргадаггүй. Эмнэлэг болон хэрэгслэлүүдтэй танилцуулдаггүй юм билээ.
-Дауны хам шинжтэй хүүхдүүд танай эмнэлгийг хэрхэн мэдэж ирдэг вэ. Харилцаа холбоо ямар байдаг вэ?
-Монголын дауны холбоо гэж байдаг. Одоо Зориг сангийн хажууд үйл ажиллгаагаа явуулдаг. Эцэг эхчүүд уг холбоогоор дамжуулан мэдээ мэдээллээ солилцдог. Холбооны хурал, арга хэмжээгээр мэдээллээ өгдөг.
-Нийт хэдэн эмчтэй вэ. Эмнэлгийн нэр содон санагдлаа ямар утгатай вэ?
-Гажиг заслын эмч нэг, согог заслын эмч нэг, мэс заслын эмч нэг, эмчилгээний нэг эмчтэй. Би өөрөө эмчилгээгээ хийдэг. Манай эмнэлгийн нэр “Бурханы цагаан шүд” гэсэн утгатай. "Цэмгар" гэдэг нь төвд үг байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа, ажлын амжилт хүсье.
Даунтай хүүхдүүдийн шүдийг эмчлээд гаргахад сэтгэл сайхан байдаг
"Цэмгар" эмнэлгийн гажиг заслын эмч Ц.Дэлгэрмаа “Таван жилийн өмнө энэ эмнэлэгт анх ажилд ороход даунтай хүүхдүүдийн талаар мэдлэг хомс байсан. Одоо бол өөр. Яагаад ч юм гадуур явж байгаад дауны хам шинжтэй хүүхдүүдийг хараад хайр хүрдэг. Өөрийн хүүхэд шиг дотно санагддаг болчихсон байна. Даунтай хүүхдүүд өөрийгөө илэрхийлж, баярласнаа тэр бүр хэлж чадахгүй. Гэсэн тухайн хүүхдээ өвтгөхгүй үзээд, эмчлээд гаргахад бидэнд маш сайхан байдаг. Хүүхдүүдийн аав, ээж нь баярласнаа илэрхийлээд гардаг. Даунтай хүүхдүүдийн шүдийг эмчлэх үед бэрхшээл тулгарвал ээж аавтай нь ойлголцож шийдвэрлэдэг. Урьд нь бага зэрэг бэрхшээл тулгардаг байсан. Харин одоо тэр бүхэн бэрхшээл шиг санагддаггүй. Шүдний хувьд бусад хүүхдүүдээс ямар ч ялгаа байдаггүй. Харин ч сайн шүдтэй гэж миний хувьд боддог” гэлээ.
Тус эмнэлгийнхэн даунтай хүүхдүүдийг эмчлэхэд чин сэтгэлтэй байхад болдог гэдгийг онцолж байсан юм.
Э.Дэлэгнанзадмаа
Гэрэл зургийг Б.Бат-Оргил