Хаврын урь орж, шинэ жил эхэлснийг өргөн тэмдэглэдэг эртний уламжлалт Наурызын баярт зориулан Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Урин цагийн эхлэл, казах түмний түүхэн уламжлалт Наурыз баярын мэндчилгээг нийт казах иргэддээ Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Жилдээ ганц тохиох энэ өдөр бол хүн бүр өөдрөг сэтгэлтэй байхыг эрхэмлэн дээдэлж, эв нэгдэл, сайн сайхныг бэлгэддэг нь уугуул ёс заншил, унаган төрх соёлоо хадгалж явааг харуулсан онцгой баярын өдөр юм.
Дэлхийг нөмөрсөн аюулт вирусийг дарахын тулд иргэн бүр хариуцлагатай байж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг баярын энэ өдөр дахин уриалж байна.
Та бүхний ажил, амьдрал ямагт өөдрөг байж, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж, буян заяа тань зүйл бүрээр өрнөн дэлгэрч явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД,
МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА У.ХҮРЭЛСҮХ