Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Н.Алтанбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Албан үүргээ гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчид руу жагсаал цуглаан гэх нэрийдлээр Д.Монголхүү, Э.Одбаяр зэрэг иргэд өвчин зовлонг далимдуулан бусдын сэтгэл зүйг цагдаагийн албан хаагчдын эсрэг турхирсан үйлдлүүд гаргаж байна. Энэ бүхэнд алба хаагчид хүлцэнгүй хандан дуугүй байдаг. Эдгээр танхай этгээдүүд хэв журам алдагдуулж, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд хуулийн дугуу албадлагын арга хэмжээ аваад явах зохицуулалттай. Албадлагын арга хэмжээ авсныхаа төлөө албан хаагчид руу дайралт хийж, иргэдэд буруу ойлголт өгч байгаад миний бие харамсаж байна.
Д.Монголхүү гэх танхай этгээд цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдсан байна. Танхайрсан этгээд энэ үйлдлээ үзэл бодлоо илэрхийлж байсан энгийн иргэнийг цагдаагийн алба хаагч барьж саатуулсан мэтээр иргэд, олон нийтэд буруу ойлголт төрүүлээд байна.
Цагдаагийн албан хаагч тээврийн хэрэгсэл жолоодож яваа этгээдийг зогсоон шалгах гэхэд машинаараа дайрч, түлхээд явдаг, албан хаагч шаардлага тавихад аманд нь салаавч хийгээд зогсож байдаг, алгаддаг, нулимдаг үйлдлүүд олон байдаг. Бид хуулийн хүрээнд ажилладаг.
Энэ талаараа албан хаагчид өөрсдөө жагсаал цуглаан хийгээд явахгүй. Хэдийгээр хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа хэдий ч ард түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгээд явж байна. Гэтэл өнөөдөр улс төрийн нөхцөл байдал шалтгааны улмаас цагдаагийн албан хаагчийг өдөөн турхирсан, эрх чөлөөнд нь халдсан ийм үйлдлээр далимдуулж дараагийн шатны улс төрийн акцуудыг хийх гэсэн зохион байгуулалттай тавилттай жүжгүүд явж байна" гэв.