Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Эрдэнэбаатар: KPOP урсгалыг монгол бүжгийн ая, хөдөлгөөнтэй нийцүүлж, монгол хөрсөнд буулгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 32 секунд

Монгол Улсад музейн салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Хаан ордны намар 2021” нээлттэй өдөрлөгийг Богд хааны ордон музейгээс зохион байгуулж байна. Уг нээлттэй өдөрлөг нь энэ сарын 1-7-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Музей бол монголчуудын шашин, урлаг соёл, өв уламжлалыг хадгалан ирсэн түүхэн бүтээн байгуулалт билээ. Гадаад жуулчдын ихээр сонирхдог, очиж үздэг газруудын нэг. Манай улсад байдаг музейнүүдэд нийтлэг хэдэн сул тал ажиглагддаг. Музейн үзвэрүүдийн хувьд өв соёлын гайхамшигт бүтээл олон байдаг. Гэвч орчин болон хүмүүсийн сонирхлыг татахуйц бусад нэмэлт үзвэр үйлчилгээ байдаггүй. Тиймээс музейн салбар зогсонги байдалтай 95 жилийн ойтойгоо золгож байна гэхэд хэлсдэхгүй. Энэ салбарын үйл ажиллагаанд улсаас дэмжлэг үзүүлж, гадна дотор талын үзэмж, тогтмол үйл ажиллагаа явуулах боломжоор хангаж өгвөл манай улсад аялал жуучлал хөгжихөд түлхэц болох юм.

Богд хааны ордон музейн захирал Ц. Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Сайн байна уу. Өдөрлөгийн талаар мэдээлэл хүргээч?

-Энэ жил Монгол Улсад музейн салбар үүссэний 95 жилийн ой тохиож байна. Мөн монголын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110 жилийн ой болж байна. Энэ өдөр Богд хаанаар манлайлуулсан Алтан ураг болоод өндөр хэргэм зэрэгтэй лам хуваргуудын үйл ажиллагааны үр дүнгээр Монгол хэмээх газрын зургийг дэлхийд бий болгосон. Тухайн цаг үед өнөөдрийн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнээс 2,5 дахин том газар нутагтай байсан. Тэр үед хэмжээгүй эрхт хаан наймдугаар Богд Жавзундамба хутагтын ордон музей байгуулагдаж байсан түүхтэй. Түүнээс хойш 95 жил өнгөрч байна. Богд хааны ордон музей бол монголын ууган музей юм. Тиймээс бусад музейнүүдээ манлайлан энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Нээлттэй хаалганы өдрөөр ахмад настан болон тусгай хэрэгцээт хүмүүс төлбөр төлөлгүй зочлох боломжтой. Харин бусад үзэгчид нэг хүний тасалбараар хоёулаа үзэх боломжтой.

-Өдөрлөгийн гол зорилго юунд оршиж байна вэ?

-Нээлттэй хаалганы хүрээнд монголын уламжлалт өв соёл, тэр дундаа бие биелэгээ, монгол бүжгийн онцлогийг залуус хүүхдүүдэд таниулах юм. СУИС-ийн багш, докторант М.Мөнгөнцэцэг болон түүний шавь нартай хамтарч сургалт зохион байгуулах болно. Мөн KPOP гэдэг урсгал дэлхийд нийлээдгүй том давлагааг үүсгэсэн. Залуучууд түүнд маш их хошуурч байна. Бид энэ давлагаанд хамагдаад явах биш үүнийг хөрсөн дээрээ буулгаж монгол бүжгийн ая, хөдөлгөөнтэй нийцүүлж монгол KPOP-ийг бий болгох хэрэгтэй. Манайх шиг цөөн хүн амтай улсын хувьд бусад улсаас ондоошиж байж үндэсний дархлаа тогтоно. Үндэсний дархлаа бол улс орнуудын хамгийн том баялаг. Мөн харандаагаар хөрөг зурдаг хүмүүсийг нээлттэй хүлээж авах болно. Залуучууд өөрсдийн сонирхдог төрлөөрөө дуу, бүжгийн үзүүлбэр үзүүлэх бол манай цэцэрлэгт хүрээлэн нээлттэй байгаа.

Бидний зүгээс залуучууд, ахмад настан, хүүхдүүд нас, хүйс хамааралгүй сонирходог зүйлээрээ ойр байгаасай гэж хүсэж байна. Учир нь бидний урт хугацааны бодлогод Монголчуудын нэгдмэл байдлыг бий болгох талаар тусгагдсан байгаа. Үздэг, сонирхдог зүйлээрээ орчин болоод насны онцлогоос хамаарч өөр болчихсон. Энэ мэт зүйлсээрээ бид нийлмэл биш байна. Үүнийг ойртуулах нь бидний бас нэг зорилго юм.

-Музейн өдөрлөг зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Одоогийн Соёлын яамыг, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам гэдэг байхад музейн нээлттэй хаалганы өдрүүдийг хаварын улиралд гурав хоногийн турш зохиодог байсан. Одоогийн Соёлын яамны барьж буй гол бодлого бол өв соёл, театр урлагийн байгууллагуудыг шинэ түвшинд аваачих юм билээ. Үүнийг маш зөв зүйл гэж бодож байна.

-Музейн салбаруурын цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хэтийн төлөв юу вэ?

-Ковид бидэнд маш том шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг ойлгуулж байна. Соёлын яамнаас технологийн дэвшлийг ашиглан музейн үзвэрүүдийг илүү хүртээмжтэй байдлаар олон нийтэд хүргэх, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн хоёр зарчмын дагуу ажиллана гэж ойлгосон. Музейг ирж үзэх боломжгүй хүмүүс байгаа. Тиймээс виртуал үзмэрүүдийг бүтээж, шинэ технологитой хослуулан хүртээмжийг нэмэгдүүлэх ажил хийгдэх болно. Үүнийг хийхэд тодорхой цаг хугацаа орох болно. Аливаа хөгжлийн гол түлхүүр нь уламжлал болон шинэ технологийн хослол болсон байна. Хэт уламжлалаа дагавал тогтмол ус шиг муудна, хэт шинэчлэгдэж буй зүйлсийг дагаж савсагнавал уламжлал сүйрэх болно. Энэ зарчмыг баримтлан монголын музейн салбар шинэ замаар хөгжих гараанд ирээд байна.

-Музейн салбарыг хөгжүүлэхэд ямар арга хэмжээ авах ёстой вэ?

- Музейн өв соёлд тулгуурлаж нэмэн өртгийг шингээсэн бүтээлүүдийг олон хийж байж энэ салбар хөгжинө. Жишээлбэл, энгийн хувцас дээр Дондогдулам хатны дээлний хээг шигтгэж өгөхөд нэмэн өртөг болно. Үүний тодорхой хувийг нэмж гадаад болон дотоод зах зээлд нийлүүлэхэд үнэт зүйл болдог.

-Виртуал музейн хүртээмжийн талаар дэлгэрэнгүй талбарлавал?

-Виртуал музейг дэлхийд явдаг алтны уурхай гэж үздэг. Үнэгүй юм үнэ цэнэ багатай байдаг. Виртуал музейг бид вэб сайт, IPTV гэх мэт аль боломжит платформ ашиглан хамгийн багадаа нэг долларын төлбөртэйгээр нийтийн хүртээл болгох юм. Соёлын яамнаас нэгдсэн байдлаар бүх музейг виртуал болгох төслийг баталсан. МУИС-ийн багш н.Энхбаяр болон түүний шавь нар хамтран байгуулсан компанитай 2019 оноос хойш хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүний үр дүнд музейг үзэхэд ямар нэг тайлбарлагч, хөтөч шаардлаггүйгээр ухаалаг утас ашиглан бүтээлийн дэлгэрэнгүй тайлбарыг авах боломжтой болсон. Энэ сарын 25-наас өмнө хэрэглэж эхлэх юм.

-Музейн сэргээн засварлалтыг хэрхэн хийдэг вэ?

-Манай музей 1893-1903 оны хооронд 10 жилийн хугацаанд баригдаж байсан. Хамгийн сүүлд, 1961 онд иж бүрэн засварласан байдаг. Түүнээс хойш бүрэн засвар хийгээгүй. 2020 онд болсон Богд хааны ордон музейн цэцэрлэгийн нээлтийн үеэр тухайн үеийн Ерөнхий сайд, одоогийн ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 он хүртлэх төсөвт дарамт үүсгэлгүйгээр Богд хааны ордон Музейг бүрэн засварлахаа илэрхийлсэн. Энэ удаад өндөр ач холбогдол өгч, иж бүрнээр нь сэргээн засварлахаар болж байна. Одоогоор Энэтхэгийн Элчин сайдын яамнаас нэг сая долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон байгаа. Энэтхэгийн Засгийн газраас 2022 оны төсөвтөө тусгах үлдсэн байна. Мөн бүрэн засварлах 12 тэрбум төгрөгийн хагасыг өчигдөр Сангийн яам засгийн газарт өргөн барьсан. Мэдээж УИХ-ын гишүүд ухаантай, өв соёлдоо хайртай хүмүүс байгаа. Тиймээс энэ төсвийг баталж өгнө гэж найдаж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Э.Дэлэгнанзадмаа

Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт бамбарууш орж иржээ
Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт бамбарууш орж иржээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
МАРГААШ: Улаанбаатарт 28 хэм дулаан, бага зэргийн бороотой
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц