Монгол Улсын хэмжээнд 15 түүнээс дээш насны хүн амын гэрлэлтийн байдлыг нас хүйс дунд эзлэх хувиар нь авч үзвэл 2020 оны байдлаар огт гэрлээгүй 366.400 эрэгтэй байна. Харин энэ үзүүлэлт 2010 онд 322.500 байжээ. Энэ нь 10 жилийн хугацаанд даруй 43900-гаар нэмэгдсэн. Энэ үзүүлэлт цаашдаа ч нэмэгдэж болзошгүй.
Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар гэр бүл болон хань ижил үр хүүхэдтэй болоогүй залуусын ихэнх нь хөдөө орон нутагт оршин буй гэхэд ч хэлсдэхгүй. Үүний шалтгаан нь эмэгтэй хүүхдээ хот орон нутагруу явж суралцах зайлшгүй хэрэгцээтэй, харин эрэгтэй хүүхдээ хар бор ажил хийгээд ч хамаагүй амьдралаа болгоод явчихна гэж үздэгтэй холбоотой. Энэ нь эргээд гэр бүлийн тэнцвэргүй байдал, хүйсийн хооронд боловсролын ялгаа болоод эрэгтэй нь эмэгтэйдээ гологдох байдал анзаарагдаж байна.
ОГТ ГЭР БҮЛ БОЛООГҮЙ ЭМЭГТЭЙЧҮҮД
2010 оны тоон үзүүлэлтээс харахад 273.600 байсан бол энэ тоо 2020 оны байдлаар 312.500 болж нэмэгдсэн байна.
Tэгвэл бид 39 нас хүрсэн хэдий ч эхнэр хүүхэд авч амжаагүй, малчин Б-тэй ярилцахад "Ахыг нь одоо хэн тоох вэ дээ. Аав ээж маань охин дүүг сургуульд явуулаад намайг хөдөө үлдээсэн. Одоо бичиг үсэг суръя гээд ч оройтсон биз. Хотод байгаа охин дүүдээ мах, идшийг нь бэлдэж явуулж байна. Хүн л болсон хойно хань ижилтэй болох, үрийн зулай үнэрлэхийг хүсэх л юм. Ямар сайндаа саахалтын айлын хэдэн хүүхдийг өөрийн хүүхэд шиг эрхлүүлэх вэ дээ. Ер нь нас нэмэх тусам л хот хүрээ сурахаар яваад үр хүүхэдтэй гэр бүлтэйгээ эргэж ирээд бужигналдаж байгаа үеийн хүүхнүүд, залуусаа харааад битүүхэндээ атаархах юм" хэмээн ярьсан юм.
Эндээс харахад хөдөөнөөс суурийн газар луу чиглэж буй залуусын нүүдэл зөрчил мөргөлдөөн, интернэт хэрэглээ, гэрлэлт гээд олон асуудлын суурь болж, ажлын байрны “түгжрэл” үүсгэж байна. Мөн гэмт хэргийн өсөлт, ажилгүйдэл, эмх замбараагүй байдал, зөрчилдөөн гэсэн дарамтууд нийгмийн хамгийн идэвхтэй, сэтгэл хөөрөлтэй хэсэг болох залуус цугларсан газарт үүсэх болсныг эрх баригчид төдийлөн анзаарахгүй яваад байх шиг. Товчоор бол хүндээ анхааарахгүй байна гэсэн үг. Нөгөө талд хөдөөгийн гологдмол залуус л хэн нэгэнтэй амьдралаа холбож чадахгүй үлдэж байна гэхэд хилсдэхгүй.
Харин бид бүхэнтэй ярилцсан дараагийн иргэн Б-гийн хувьд дөрөвдүгээр ангиа төгсөөд хөдөө гарч малчин болсон бөгөөд одоо 22 настай аж. Тэрбээр "Би хөдөө гарахыг нэг их хүсээгүй л дээ. Эмээтэйгээ хоёулахнаа амьдардаг учраас хөдөө гарахаас өөр арга байгаагүй. Цэрэгт байхдаа л хамгийн олон хүнтэй уулзаж үзсэн" хэмээн ярьсан юм.
Энэ зуур байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, техник технологийн дэвшил, хотжилт гээд олон хүчин зүйл залуусыг Нийслэл рүү түлхсээр, бас татсаар байгаа. Хот зүглэсэн нүүдлийн ихэнх хувийг их, дээд боловсрол эзэмших гэсэн залуусын нүүдэл эзэлдэг. Бүх их, дээд сургуулийнх нь 90 гаруй хувь нь ганцхан хотод төвлөрсөн манай онцлог залуусыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувь дээр цуглуулсаар байх аж.
Монгол Улсын хүн амзүй, дэд бүтцийн тэнцвэргүй бодлого залуусыг хот руу урин дуудаж, орон нутгийн ажиллах хүчийг “сорьж” байна. Нөгөө талд нь суманд ажиллаж, амьдрах боломж нөхцөл ч алга. Эдгээрээс үүдэлтэй гарах үр дүн нь энд бичсэнээс хэд дахин хүчтэй нөлөөлөл авчрахыг тооцож үзэх хэрэгтэй.