Цар тахлын үед хагаралдах завгүйгээр, хамтран зүтгэх ёстой УОК, НОК нь хоёр талд гарч, нэг өдөр нэгдэж, дараа өдөр нь нэгнийхээ гаргасан шийдвэрийг үгүйсгэсээр өнөөдөртэй золголоо. Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг нэг минут ч алдалгүй шийдвэрлэх хэрэгтэй гэсээр Д.Сумъяабазар гишүүн УИХ дахь үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, Хотын даргын суудалд “заларсан”. Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа хүлээж авснаас хойш хоёр сарын дараагаас л цар тахлын үеийн бөөгнөрсөн асуудлууд, “бөөрөнхий” шийдвэрүүдтэйгээ зууралдаж эхэлсэн гэхэд болно. Харин нөгөө талд өмнөх Хотын даргаар ажиллаж байсан С.Амарсайхан УОК-ыг удирдах болов. Энэ үеэс шинэ, хуучин хотын удирдлагуудын улс төрийн хүрээний болоод хувийн асуудлууд дунд УОК, НОК шийдвэрүүд хавчуулагдаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
НОК нь УОК-оос гаргасан шийдвэрүүдийг сөргөж, нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлэх стратегиа гаргаж тавьсан удаа нэгээр тогтохгүй. Иймдээ ч цар тахлын үеийн улс орны шийдвэрт хувь улс төрчийн амбиц нөлөөлөөд байна уу хэмээн хөндлөнгөөс дүгнэх хүмүүс ч цөөнгүй байсан. Энэ байдалд ард иргэд гэлтгүй улс төрчид ч нэлээдгүй дуугарч, сургамж айлдсан ч тэд “чих хатуутай” улс юм.
УИХ дахь АН-ын бүлэг чуулганы индэр дээрээс С.Амарсайхан, Д.Сумъяабазар нартай хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэх нь зүйтэй хэмээн мэдэгдэж байв. АН-ын бүлгийн зүгээс УОК-оос давсан шийдвэр гаргаад байгаа НОК-ын байдал, 24 цаг ч хүрэхгүй дахин дахин өөрчлөөд байгаа бусад шийдлүүдийг улс төрийн дотоод фракц, нэгдлүүдийн зөрчил тэмцэл гэж ойлгож байгаа талаар хэлж байсан юм.
Тэгвэл УОК болон нийслэлийн Онцгой комисс /НОК/ нь нэг баг болж ажилладаггүй байдлыг баталсан хамгийн сүүлийн жишээг энд дурдья. Өнгөрөгч долоо хоногт олон нийтийн санал, шүүмжлэлийг хүртэж, хэл ам дагуулсан үйл явдлаар "DIGITAL NATION" арга хэмжээг нэрлэж болно. Тус арга хэмжээг УОК нь зөвшөөрч, НОК нь зөвшөөрөөгүй болох нь тодорхой болсон. Ингэхдээ дельта вирусийн халдварын тархалт өндөр, эмч, эмнэлгийн орны хүрэлцээ, ачаалал дийлдэхгүй байхад иргэдийг бөөгнөрүүлсэн хэрэгт унаад буй ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ УОК-оос үйл ажиллагаа зохион байгуулах зөвшөөрөл хүсэхэд зөвшөөрсөн. Харин УОК-ын шийдвэрээс гурван хоногийн дараа буюу есдүгээр сарын 1-нд НОК нь “Зөвшөөрөх боломжгүй” гэх хариуг өгчээ. Үүнээс харахад, УОК, НОК харилцан уялдаатай ажилладаггүй байдал нь хувь иргэнд ч бус шат шатны удирдлага, зохион байгуулалтад нөлөөлж, ойлгомжгүй байдлыг үүсгэж байна.
Цар тахлын энэ эгзэгтэй үед энэ мэтээр ил далдаар тус тусдаа зүтгээд буй нь хачирхалтай. Магадгүй энэ нөхцөл байдал нь иргэдийг төөрөгдөлд оруулах, цаашлаад цар тахлын нөхцөл байдал хүндэрч асуудал үүсэхэд энэ хоёр хүн, энэ хоёр байгууллага хоёр тийшээ хараад суучихвал бид хэнийг дагаж, юу сонсох вэ.
Ингээд УОК, НОК-ийн нийтэд ойлгомжгүй, эргэж буцсан шийдвэрүүдээс цухас дурдаад, эргэцүүллийг танд үлдээе.
-Хүнс хүргэлтийн үйлчилгээг шөнөөр тээвэрлэх шийдвэрийг гаргасан хэдий ч хүнсний хомсдолд орох нөхцөл үүссэний улмаас үүнийгээ цуцалсан
-НОК автобусаар иргэдийг зорчихыг зөвшөөрсөн атал УОК нь бид ийм шийдвэр гаргаагүй, зөвхөн зөвшөөрөгдсөн салбарын ажилчид зорчино хэмээв
-Өнгөрөгч наймдугаар сарын 21-нд Хүй долоон худагт сурын тэмцээн зохион байгуулагдсан. Гэтэл УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү тушаал гаргаж, наймдугаар сарын 21-нээс хойш ямарваа уралдаан, барилдаан зохион байгуулахгүй байж, түүнд хяналт тавихыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгажээ. Гэвч тус тэмцээнийг НОК-оос зохион байгуулахыг зөвшөөрсөн.
-Цар тахлын үед иргэдээ хувийн унаагаараа зорчих боломж олгож байхад манайд хүний бөөгнөрөл ихтэй нийтийн тээврээр үйлчлүүл хэмээн зандарч байв.
УОК, НОК бол Д.Сумъябазар, С.Амарсайхан гэх албан тушаалтны харъяа байгууллага биш. Энэ бол дэлхий нийтээр тархсан цар тахлын үеийн хариу арга хэмжээний нэгдсэн стратеги, төлөвлөгөөг боловсруулах үүрэгтэй дээд, доод шатны ажлын хэсэг. Гэтэл яагаад өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг бодлого, шийдвэр дээр нэгдэж үйл ажиллагаагаа явуулахгүй байна вэ.