Ардчилсан намын удирдлагууд УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн талаар, мөн нөхөн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Ардчилсан намаас Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нар нэр дэвшиж байгаа билээ.
Ардчилсан намын дарга М.Тулгат "Ардчилсан намын зүгээс УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд АН-аас нэр дэвшигчдээ тодруулсан. Бид зүгээр л сонгуульд оролцох гэж байгаа юм биш. Сонгуульд ялаад УИХ-д суудалтай 11 гишүүн дээр нэгийг нэмэх асуудал биш. Данхайсан төр, дарга ангийн эсрэг залуус бид тэмцлээ эхлүүлнэ. Үүний нэг хэсэг нь УИХ-ын нөхөн сонгууль. Энд тулалдах хоёр хүний нэр Үндэсний бодлогын хороон дээр тодорсон. Бид олон талаас нь харж нэр дэвчигчдээ тодруулсан. Бид ардчилсан намын залуус, дэмжигчид, бизнес эрхлэгчидтэйгээ нэгдэх цаг болсныг зарлаж байна" гэв.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "АН-ын Үндэсний бодлогын хорооноос хоёр хүнийг нөхөн сонгуульд нэр дэвшүүлсэн. Үнэт зүйл, зарчмаа худалдаагүй, үзэл санааны тээгч болж буй хүмүүсээ бид нэр дэвшүүлсэн. Шинээр бий болж буй даргийн ангийн ханыг бид нураана. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй. Өнөөдөр ардчилсан нам 1990 оны хувьсгалыг шинэ хэв маягаар хийх цаг нь ирсэн байна" гэлээ.