"Эх хэлний өдөр"-т зориулсан "Хос бичигтэн яам" арга хэмжээний нээлт өнөөдөр Соёлын яаманд болов. Энэ үеэр Соёлын сайд Ч.Номин "Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ өдрийн бүх иргэд айл өрх, ААН, бүх шатны байгууллагууд эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтсон. 2025 он гэхэд төрийн байгууллагууд хос бичгээр албан бичгээ хөтлөн явуулахаар болоод байгаа.
Энэхүү ойрын зорилт нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Монголчууд бид эртний үеэс монгол бичгээр төрийн үйл хэрэг, шинжлэх ухааны бүтээлүүдээ туурвиж ирсэн. Иймээс Монгол бичгээ сурч эзэмшиж түгээн дэлгэрүүлэх ажлыг манай яамнаас түүчээлэн эхлүүлж байна.
Хэдийгээр манай улс кирилл үсгийг 1946 оноос хэвшүүлэн хэрэглэж эхэлсэн ч бидний хувьд олон жилийн түүх үндэсний бичгээр бичигдсэн.
Залуу үедээ Монгол бичгээ өвлүүлэн уламжлуулах нь бидний үүрэг болоод байгаа. Манай улсын хувьд хүн төрөлхтний түүхэнд оруулсан томоохон хувь нэмэр нь Монгол бичиг юм. Ирээдүйд аль аль бичгээрээ өөрийгөө бүрэн хэмжээнд илэрхийлдэг болох зорилтыг хэрэгжүүлэх нь Соёлын яамны гол ажил" гэлээ.