Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайд Б.Жавхлан: 24 мянган зээлдэгчид ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг олгосон

Огноо
Унших
3 минут 0 секунд

Засгийн газар өнөөдөр хуралдсан. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээл олгох төлөвлөгөөг амжилттай хийж дуусгаж байна. Ажлын байрыг дэмжих зээлийн гүйцэтгэлийн талаар өмнө мэдээлж байсан. Энэ хугацаанд нийтдээ 24 мянган зээлдэгчид тус зээлийг олгосон байна. Үүнээс 18 мянган иргэн, таван мянга гаруй ААН, байгууллагад зээл олгожээ. Эдгээр зээлийн ард нийтдээ 125 мянган ажлын байрыг хадгалагдсан гэж хэлж болно.

Энэ зээлийн гол нөхцөл нь НӨАТ төлөгч байх. Эдгээр зээлийг хүртээмжтэй олгосны үр дүнд бодитой үр дүн гарлаа. Өнөөдрийн байдлаар гурван хувийн зээл дээр хүүгийн татаас буюу зээлийн зөрүү 56 тэрбум төгрөгийн зардал гарсан байдаг. Харин НӨАТ-аар дамжуулж бидний төлөвлөж байснаас найман сарын НӨАТ-ын орлогоос 160 тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрсөн. Долдугаар сарын байдлаар НӨАТ болон бусад орлогуудын үр дүнд төсвийн орлого 105 хувь буюу төлөвлөж байснаас таван хувиар давуулж биелэхэд нөлөө үзүүлсэн. Арван их наядын цогц төлөвлөгөөний зээлийн үйл ажиллагаа нь эдийн засгийн макро төвшинд эдийн засгийг тогтворжуулах, ажлын байрыг хамгаалах түүхэн зорилгоо биелүүллээ.

Өнөөдрийн байдлаар төсвийн орлого өнгөрсөн онтой харьцуулахад тогтворжиж байгаа боловч ковидийн өмнөх эдийн засгийн төвшинд хараахан хүрч очоогүй байна. Тиймээс цаашид эдийн засгаа идэвхжүүлэх, өсөлтийг хангах, дахин сэргэлтийг бий болгох бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Үүний эхлэл болж 10 их наядын цогц хөтөлбөийн хүрээнд гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийг цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийн хэмжээнд болон иргэдийн бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын зорилгоор нэмж эдийн засгийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр таван чиглэлийн үндэсний хороо байгуулагдсан. Үүний нэг хороонд нь эдийн засгийн идэвхжүүлэлтийг сэргээх, экспорт, импортыг дэмжих, ковидийн дараах эдийн засгийг бодлогын эрх зүйн орчныг бүрдүүлэхээр шинэ хуулийг бичиж байгаа. Аравдугаар сарын 1-нд 2022 оны шинэ төсвийг өргөн барихтай зэрэгцээд уг хуулийг аравдугаар сард багтаан барьж УИХ-д оруулж батлах зорилго тавин ажиллаж байна" гэв.

“Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарч түгжрэлийн асуудал 23-28 хувь байгааг олж тогтоосон“
“Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээнээс хамаарч түгжрэлийн асуудал 23-28 хувь байгааг олж тогтоосон“
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.