Их койны анхдагч зах зээлийн арилжаа төлөвлөж байснаас ч богино хугацаанд амжилттай болж өнгөрлөө. Монголын криптовалютын зах зээлд тэлэх, тэсрэх цаг мөчийг хүлээсэн мөнгө хэчнээн их байгааг өчигдрийн үйл явдал харууллаа.
30 секундэд 30 тэрбум төгрөг босгоно гэдэг нь ямар том амжилт вэ гэдгийг хоёр жишээгээр харьцуулж харъя. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр олонд танигдсан 1200 гаруй криптовалютын нийт зах зээлийн үнэлгээний тал хувийг ганцаараа эзэгнэж байгаа Биткойн бүтэн нэг жилийг ямар ч үнэ цэнэгүй өнгөрөөсний эцэст таван мянган биткойн (Өнөөгийн үнэ цэнээр 700 тэрбум төгрөг) ганц пиццаны үнэ хүрч байсан билээ. Тухайн үед Laszlo Hanyecz гэж хүн 10 мянган биткойноор хоёр пицца худалдан авсан байдаг.
Монголд одоогоор хамгийн амжилттай яваа крипто койн нь Ардкойн байна. Дөрвөн жилийн өмнө анх Ард Санхүүгийн Нэгдэл ХК криптовалют гаргаж буйгаа мэдэгдэх үед өнөөгийнх шиг эрэлт байгаагүй. Ард Койны бүтээгчдийн олон жилийн уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд Ардкойны үнэ цэн нь жил ирэх тусам тодорч, эзэмшигчдийн тоо нь олширсоор анх гарахдаа нэг төгрөгөөр үнэлэгдэж байсан нь энэ жил 470 төгрөг давж Монголын криптовалютын зах зээлийн анхдагч бөгөөд оргил нь болохоо баталсан.
Эдгээр амжилттай төслүүдтэй харьцуулахад Их койн хүний санаанд багтамгүй богино хугацаанд хөрөнгө босгож чадсан нь гайхамшигтай. Үүнд Ардкойны мөс хагалан татсан зам их үүрэг гүйцэтгэсэн нь лавтай. Магадгүй вонкойн мэтийн хуурамч, понзи схемд хөрөнгө оруулж хаширсан хүмүүс ч жинхэнэ криптовалют ямар үнэ цэн бүтээх боломжтойг Ардкойноос харсан, мөн Ардкойны өмнөх өсөлтөөс үүссэн боломжийг шүүрч чадаагүйдээ харамссан хүмүүс ч энэхүү шинэ боломжоос хоцрох вий гэсэн хандлага ч Их койны амжилтад нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй.
Гэхдээ криптовалютын зах зээл дээр хамгийн туршлагатай хөрөнгө оруулагчид IEO, ICO-д хөрөнгө оруулахаас илүүтэй хоёрдогч зах зээл дээр тодорхой хугацаанд гүйлгээнд орсон, өсөх зах зээлийн сорилтыг амжилттай даван туулж байгаа өсөх ирээдүйтэй нь тодорхой болсон койнуудыг сонгодог. Учир нь шинэхэн койнуудыг зах зээл дээр юу хүлээж байгаа нь тодорхойгүй байдаг. Ялангуяа криптовалютын зах зээл нь зохицуулалтгүй явж байгаагийн хувьд улс улсын хууль тогтоомж, томоохон бизнесийн байгууллагуудын мэдэгдэл зэрэгт койны ханш хэт мэдрэг байдаг бөгөөд огцом савлагаатай байдаг.
Ялангуяа анхдагч зах зээлийн худалдан авагчдын сонирхол, стратегийг урьдчилан тогтоох боломжгүй байдаг тул хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэхэд ханш хаашаа ч эргэх боломжтой бөгөөд тодорхой хэсэг нь хохирч үлдэх нь олонтаа. Үүнийг Монголд гарсан өмнөх шинэ койнуудын арилжаанаас ч харж болно.
Үнэндээ Ардкойны араас дөрвөн ч монгол крипто койн мэндлээд буй. Койнхаб биржийн гаргасан “CHB”, Трэйд.мн биржийн гаргасан “TRD” болон DAX биржийн гаргасан “Ardmoney” болон IHC буюу Их койн. Хөрөнгө босголт амжилттай болсон ч өмнөх койнуудтай харьцуулахад Их койны ард ямар үнэ цэн оршиж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.
Тиймээс Монголынхоо криптовалютуудаас ашиг хүртэх талаар төлөвлөж байгаа бол өсөлт ганцхан удаа ирдэггүйг хамгийн түрүүнд бодолцох шаардлагатай. Ялангуяа Их койныг анхдагч зах зээлээс эзэмшиж чадаагүй байгаа хөрөнгө оруулагчдад зөвлөхөд одоогоор биржүүд дээр арилжигдаж байгаа монгол койнуудыг судалж үзнэ үү.
Койнуудын онцлогоос цухас дурдахад ТRD, CHB, Ard Money койн нь гаргасан биржийнхээ ашгаас хамаарч эзэмшигчдэдээ өгөөж өгдөг. Мэдээж хэрэг Ард койны хувьд Ард санхүүгийн нэгдлийн үйл ажиллагаа, хувьцаатай нягт уялдаатай байдаг. Ард санхүүгийн нэгдэл саяхан гол хөрөнгө оруулагчдынхаа нэгтэй томоохон дүнтэй хэлэлцээрийг амжилттай хийснээр ханш нь эргэн сэргэж байгааг мөн дуулгая. Боломж хэзээд байдаг шүү.