Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сэтгүүлчдийг олноор нь цуглуулж, эрсдэлд оруулахгүй байх үүднээс нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс цаг үеийн асуудлаарх хэвлэлийн хурлаа цахимаар хийж байгаа билээ. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар сайжруулсан шахмал түлш болон бусад цаг үеийн асуудлуудаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хордсон 12 өрхийн 32 иргэн хандсан байна. Хоногт 4 өрхөөс дуудлага ирж байгаа нь угаарын хийн дуудлага багасаж байгааг харуулж байгаа үзүүлэлт гэнэ. Гэсэн хэдий ч галлагааны улирал дуустал угаарын хий мэдрэгчийг салгаж болохгүйг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэллээ. Тэрбээр “Иргэдийн хувьд урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор угаарын хий мэдрэгчээ салгаж унтах тохиолдол их гарч байна. Хэдийгээр цаг агаар дулаарч байгаа ч жил жилийн өдийд угаартах эрсдэл нэмэгддэг учраас угаарын хий мэдрэгчээ салгаж болохгүй. Иргэд сайжруулсан шахмал түлшээ хэрэглээд сурчихсан нь сайшаалтай” хэмээн онцоллоо.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага болон нийслэлийн Цагдаагийн газраас Улаанбаатар хотын нутаг дэвсгэр рүү түүхий нүүрс нэвтрүүлэхгүй байх тогтоолын шийдвэрт хяналт тавьж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 460 тонн түүхий нүүрс тээвэрлэсэн 12 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоор дамжин өнгөрсөн бол тусгай зөвшөөрөлтэй 46 тээврийн хэрэгслийн 1091 тонн түүхий нүүрсийг нэвтрүүлжээ. НМХГ-ынхан 4 тээврийн хэрэгслээр 82.3 тонн түүхий нүүрс нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн хяналт шалгалтын ажлыг хийж байна.
COVID-19 халдвараас сэргийлэх, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны 71 байгууллагын 6705 алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, талбайд Эргүүлээр ажиллаж байна. Өнгөрөгч гурав хоногийн хугацаанд давхардсан тоогоор 3838 ажилтан, алба хаагч нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт тавьж 32 795 иргэнд танилцуулга мэдээлэл хийж, 34936 иргэнд зөвлөмж гарын авлага тарааж, хог, нус, цэрээ хаяж, ил задгай бие засаж, орчныг бохирдуулсан 5142 иргэнд анхааруулга, санамж өгч ажиллажээ.
Өчигдөр өглөөнөөс эхлэн нийслэлийн орох, гарах хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан нийслэлийн Багахангай, Багануур, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдийн нутагт дэвсгэрт байрлах авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд давхардсан тоогоор 357 алба хаагч хяналт тавин ажиллаж байна. Нийслэлийн 8 товчоогоор орсон 7156, гарсан 7204, нийт 14360 тээврийн хэрэгсэл, орсон 16472 иргэн, гарсан 18744 иргэн, нийт 35216 иргэний биеийн халууныг үзэж, холбогдох асуумж, зөвлөгөө өгч ажиллажээ. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.