Түлхүүр мэдээлэл:
- Тэрбумтан Билл Гейтс 'Microsoft' болон "Berkshire Hathaway" компаниудын удирдах зөвлөлөөс гарах болсноо мэдэгджээ.
- Тэрээр сайн үйлсийн ажилд илүү их цаг зарцуулах хүсэлтэй байгаа аж.
Тэрбумтан Билл Гейтс "Microsoft" компанийн удирдах зөвлөлөөс гарах болсноо өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ. Тэрээр мөн хөрөнгө оруулалтын "Berkshire Hathaway" компанийн удирдах зөвлөлийн албан тушаалаасаа ч буухаар болсон байна. Тэрбээр энэ талаар,
"Би Microsoft ба Berkshire Hathaway-с гарах шийдвэр гаргасан. Үүний оронд дэлхийн эрүүл мэнд болон хөгжил, боловсрол, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ажилд ихээхэн анхаарал хандуулахын зэрэгцээ сайн үйлсийн ажилд илүү их цаг зориулах болно. Гэвч би Microsoft-г бүрмөсөн орхихгүй, Microsoft бол миний амьдралын чухал хэсэг юм. Би компанийнхаа удирдлагаас үргэлжлүүлэн алсын хараатай байхыг хүсч, түүнийг зорилгодоо хүрэхэд туслах болно. Компанийн хөгжил дэвшил дэлхийд үргэлжлүүлэн ашиг тусаа өгсөөр байх болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Гейтс "Microsoft" компанийг анх 1975 онд Пол Аллентай хамтран байгуулж байсан билээ. Харин "Microsoft"-ийн одоогийн гүйцэтгэх захирал Сатя Наделла 2014 онд албан тушаалаа хүлээн авчээ.
"Microsoft"-н одоогийн гүйцэтгэх захирал Сатя Наделла: "Олон жилийн турш Биллээс туршлага судалж, суралцаж ирсэн минь нэр хүндийн хэрэг юм." хэмээн хэлсэн байна.
Билл Гейтс 2014 он хүртэл "Microsoft" компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн захирал байсан боловч ихэнх цагаа 2008 онд байгуулагдсан "Билл & Мелинда Гейтс" сандаа зориулсаар иржээ.