Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас ээлжит мэдээлэл хийлээ.
Улсын онцгой комиссын Шуурхай штабын хэвлэлийн төлөөлөгч Б.Дуламсүрэн "МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас ирсэн иргэдийн хүлээн авах, хуваарилан байрлуулах ажлыг хоёр цагийн хугацаанд зохион байгууллаа. Өнөөдөр өглөө Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор иргэдийг эх оронд нь авчирлаа. Энэхүү онгоцоор Берлинээс 93, Москвагаас 138 иргэн ирсэн байна. Иргэдийг одоогоор үзлэг оруулж байна.
Мөн өнөөдөр өглөө Япон улс руу тусгай үүргийн онгоц хөөрсөн, хуваарийн дагуу 20:25 цагт Улаанбаатар хотод буцаж ирэх төлөвлөгөөтэй байна” гэв.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Гадаадаас ирэх иргэдийг эх орондоо татан авчрах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр нэг онгоц бууна. Үүний дараа 18-ны өдөр БНТУ-ын Истанбул хотоос тусгай үүргийн онгоц ирнэ. Нөхцөл байдал улам ярвигтай болсоор байна. Монгол Улсын хувьд цаашид олон удаагийн нислэг хүлээн авахад хүндрэлтэй нөхцөл байдал бий болж байна. Эрсдэл их байгаа учраас гадаад улсын иргэдийг хүлээн авахгүй гэсэн шийдвэр албан ёсоор гарч байна. Зөвхөн ОХУ-аас хүнсний тээвэр орж ирнэ. Эрсдэл өдөр ирэх тутам нэмэгдэж байна. Дэлхий нийтээр тархаж буй иргэдэд сануулж хэлэхэд тухайн амьдарч буй орчиндоо дасан зохицож, эрүүл мэндээ хамгаалахыг анхааруулж байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос гаргаж буй шийдвэр зөвлөмжийг дагаж мөрдөхийг гадаадаас ирж буй иргэдээс хүсэж байна” гэв.
МХЕГ-ийн дэд дарга Г.Сугарбат “Дэлхий нийтээр тархаад буй уг цар тахлын хүрээнд орон даяар хүнсний бараа, бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. МХЕГ-аас улсын хэмжээнд 5633 ААН-д хяналт, шалгалт хийн ажиллалаа. Үйлчилгээний байгууллагууд ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, тухайн орчинд ажиллаж буй ажилтнуудын эрүүл аюулгүй байдалд анхаарахыг сануулж байна” гэв.
ШӨХТГ-ийн холбогдох ажилтан “ШӨХТГ-аас үүсч буй нөхцөл байдалтайгаар бий болж буй үнийн зохиомол өсөлт, хүнсний хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт хяналт шалгалт явуулж, зөрчил илэрсэн Имарт худалдааны төвд 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа. Үнийн зохиомол өсөлтөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийг хамтарч ажиллахыг хүсэж байна. Хэрэглэгчийн 115 тусгай дугаарын утсаар дамжуулан иргэдээс мэдээлэл хүлээн авна” хэмээв.
Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Дэлхийн олон оронд халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор тархалт нэмэгдэж буй Европын орнууд шийдэмгий арга хэмжээ авч эхлээд байна. Шенгений орнууд хоорондоо хилийн хориг тавьж байна. Гадаадын улс орнуудад үүсээд буй нөхцөл байдалд хүмүүнлэгийн шугамаар иргэдийн визтэй холбоотой үүсэж буй асуудлыг шийдэж байгаа тул байгаа улс орондоо аюулгүй байдлаа хангах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.