Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэл зүйч Я.Батхүү: Хүүхдүүд үзэж харж байгаа зүйлсээсээ үлгэр дуурайлал авч байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
5 минут 23 секунд

Сүүлийн хэдхэн сарын хугацаанд өсвөр хасны хүүхдүүд хүний санаанд оромгүй гэмт хэрэг хийсэн үйлдлүүд удаа дараалан гарлаа. Тодруулбал, Дорнод аймагт хэсэг залуус автомашинаар нэгнийгээ мөргөж хүнд гэмтээсэн, өнгөрсөн амралтын өдөр л гэхэд 11 настай хүүхэд хамаатныхаа хоёр хүүхдэд хутгатай халдаж нэгнийх нь амь насыг бүрэлгэж, нөгөөд нь хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гараад байна. Тэгвэл уг асуудлаас улбаалж хүүхдүүдийн сэтгэл зүй хэр байгаа, аймшигт гэмт хэрэг үйлдэхэд юу нөлөөлж байгаа талаар сэтгэл зүйч Я.Батхүүтэй ярилцлаа.

-Өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байна. Энэ үйл явцыг сэтгэл зүйн хувьд хэрхэн тайлбарлах вэ?

-Гэмт хэргийн сэтгэл зүйн онол гэж бий. Үүнээс харах юм бол хүүхдүүд гэмт хэрэг үйлдэж байгаа нь гэр бүлийн хүмүүжилтэй салшгүй холбоотой. Гэр бүлийн хүмүүжил бол анхдагч суурь юм. Хүнд хэцүү гэр бүлд өссөн хүмүүсийн 50 хувь нь шахуу нийгмийн хамгийн хүнд элементүүд буюу алуурчин, биеэ үнэлэгч, хулгайч, хар тамхичин болдог. Үлдсэн хувь нь өөр замаар явдаг. Дорнодод болсон хэрэг байна. Энэ бол гэр бүлийн хүмүүжил маш муу байсан хүүхдүүд гэж таамаглаж хэлж байна. Хүүхдүүдээ анхаардаггүйгээс болж хүүхэд нь гэмт хэрэгт холбогдож байж болзошгүй. Хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүйгээс болж хүүхдүүд дутуугийн мэдрэмж авдаг байсан байж болзошгүй.

Мөн өөр нэг зүйл нь манай нийгэм хэт замбараагүй байна. Төрийн бодлого асар буруу явж байна. Жишээ нь, телевизүүдээр гарч байгаа кинонууд бүгд алаан хядаан, зодоон нүдээнтэй. Ийм юм үзэж байгаа хүүхэд зөв бурууг ялгадаггүй асуудлыг ингээд шийддэг л гэж ойлгоно. Нийгэм хэтэрхий бохир хатуу байна.

-Дөнгөж 11 настай хүүхэд хутга барин нэгнийгээ хөнөөнө гэхээр хүүхдүүдийн сэтгэл зүйд бас асуудал байна гэж харж болохоор байна. Энэ тал дээр та юу гэж бодож байна вэ

-Өөрт нь хайргүй халамжгүй байвал хүүхэд, хүний анхаарал татахын тулд далд ухамсар нь ажиллаж эхэлдэг. Үүнийг дутуугийн мэдрэмж гэнэ. Хүүхэд буруу зөвийг сайн ялгадаггүй учраас л энэ зүйлсийг энгийн байх зүйл шиг ойлгоод байна. Үзэж харж байгаа юмнаасаа үлгэр авч байгаа нь тэр шүү дээ.

-Эцэг эхчүүд хүүхдэдээ хэрхэн эерэгээр нөлөөлөх вэ?

-Юуны өмнө эцэг эхчүүд хүн чанартай байх хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэл, хурцадмал маргаан хүүхдийг буруу зүйл рүү оруулдаг. Архины хамааралтай, хүчирхийлэлтэй гэр бүлд өсөж байгаа хүүхдийн сэтгэл зүй эрэмдэглэгдэж байдаг. Энэ зүйлсийг нийгмийн түвшинд анхаарах болсон. Хүчирхийлэлд өртсөн хүүхдээ зөв байлгаж чаддаггүй. Тэр үр дагавар нь ингээд гарч ирж байна. Нийгмийг эмчлэхийн тулд сэтгэл зүйгээс нь эхлэх ёстой. Яллахаас илүү юунаас болоод ийм зүйл болов гэдэгт гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Соёлт нийгэм бий болгох хэрэгтэй.

-Хүүхдийн хүмүүжилд эргэн тойрных нь найз нөхөд эцэг эхээс нь илүү нөлөөлөх тохиолдол байдаг уу?

-Боломжтой. Өсвөр насныхан найз төвтэй байдаг. Эцэг эхээсээ асуудаггүй. Дээр нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харьцаж чаддаггүй, хүүхэдтэйгээ найз байж чаддаггүй. Тиймээс найз нөхдөөсөө мэдээлэл авч, зөв буруугаа тунгаана. Зөв чиглүүлэх найз байхад буруу зөвлөх найз ч бий. Буруу заавар зөвлөгөөнөөс болоод буруу замд орж байна. Шулуухан хэлэхэд хүүхдэд буруу байхгүй. Сэтгэл зүйн шинжлэх ухаанд 10 настай хүүхэд хэзээ ч хүн алах гэж явдаггүй. Энэ бол далд ухамсарын түвшинд явж байгаа үйл явц. Хангагдаагүй хэрэгцээгээ хангахын тулд өөрийгөө харуулж үнэлүүлэхийн тулд, хүндлүүлэхийн тулд ингэж байгаа үйл явдал. Нийгэм бол асар муухай зүйл гэж харж байна. Яг хүүхэдтэй нь харьцаж үзэх хэрэгтэй, энэ хүүхэд асар их доромжлогдсон хүчирхийлэгдсэн юмаа хамгаалалтын механизмаараа гаргаж байна гэж хэлнэ. Гэлээ гээд бас одоо байгаа эцэг эхрүү дайрч доромжилж болохгүй. Түүн дээр ч гэсэн анхаарал хандуулж зөв зүйтэй тунгаах хэрэгтэй. Манай нийгэм бол хүний нийгэм.

-Ярилцсанд баярлалаа.

ТОКИО-2020 ОНЦЛОХ: Анх удаа эмэгтэй тамирчин олимпын нээлтэд Монголын багийн тугийг залав
ТОКИО-2020 ОНЦЛОХ: Анх удаа эмэгтэй тамирчин олимпын нээлтэд Монголын багийн тугийг залав
 
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
ОБЕГ: Автомашины хөдөлгүүрт хөлөө даруулсан 50 настай эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.