Америкийн жүжигчин Том Хэнкс болон түүний гэргий Рита Уилсон коронавирусний халдвар авч, Австралийн Голд-Кост хотын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа тухайгаа “Instagram” хуудсандаа мэдээлжээ.
“Рита бид хоёр одоо Австралид байна. Бидэнд бие сульдах, ханиад хүрсэн шинж тэмдэг илэрч, заримдаа бие өвдөж байсан. Рита бага зэрэг халуурсан. Бид короновирусний шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь халдвартай гарсан” гэж тэрбээр бичсэн байна.
Өдгөө 63 настай Том Хэнкс Австралийн кино найруулагч Баз Лурманы бүтээж буй домогт дуучин Элвис Преслигийн тухай шинэ кинонд тоглохоор эхнэрийн хамт тус улсад ирсэн байжээ. Тэрбээр уг кинонд Элвис Преслигийн менежер Том Паркерын дүрийг бүтээж байгаа аж. Тэд хаана, ямар замаар халдвар авсан нь одоогооор тодорхойгүй байгаа бөгөөд энэ долоо хоногийн эхээр Голд-Кост хотод очихоосоо өмнө Сиднейд байжээ.