Бэлэн мөнгөнүүдийг халдваргүйжүүлж байна. Зургийн эх сурвалж: CRI.cn
Түлхүүр мэдээлэл
- “Ковид-19” вирусээс сэргийлэх зорилгоор бэлэн мөнгийг ариутган халдваргүйжүүлж байна.
- Эхний ээлжинд банкинд хадгалагдаж буй мөнгөн дэвсгэртүүдийг, дараа нь зах зээлд байгаа бэлэн мөнгөнүүдийг ариутгана.
- Эмнэлэг зэрэг тусгай байгууллагуудаас авсан бэлэн мөнгийг тусад нь хадгалж, тусгай ажилчин ариутгана.
БНХАУ-ын Ардын банк буюу Төв банкны зүгээс “Ковид-19” вирусээс сэргийлэх зорилгоор бэлэн мөнгийг ариутган халдваргүйжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэхдээ эхний ээлжид банкинд хадгалагдаж буй мөнгөн тэмдэгтүүдийг ариутгаж, дараа нь иргэдээс авсан мөнгийг халдваргүйжүүлэн 7 хоногийн дотор буцаан эргэлтэд оруулахыг мэдэгдээд байна. Харин халдварын тархалт өндөр бүс нутагт хураан авсан мөнгөн тэмдэгтүүдийг ариутгаснаас хойш 14 хоногийн дараа эргэлтэд оруулахыг банкуудад үүрэг болгожээ.
Тиймээс Хятадын бүх банкнууд Төв банкны зааврыг хатуу мөрдөж, бэлэн мөнгөний хоёр өөр урсгал ажиллуулж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн хадгалуулж буй мөнгө болон гаргаж авч буй мөнгө хоорондоо холилдохгүй гэсэн үг юм.
ICBC банкны Бээжин дэх төв салбарын Бизнесийн үйл ажиллагааны төв иргэд үйлчлүүлэгчдийнхээ хадгалуулсан мөнгийг эн тэргүүнд ариутган халдваргүйжүүлж байна. Тус төвийн ерөнхий менежерийн орлогч Ли Жин хэлэхдээ:
Бид зах зээлээс буцаан авсан бэлэн мөнгөө тоолж нягталсны дараа Ардын банкнаас тавьсан шаардлагын дагуу ариутгаж халдваргүйжүүлэн, долоо хоногийн дотор гүйлгээнд оруулахгүй байх зарчмаар ажиллаж байна гэжээ.
Үүний зэрэгцээ ICBC банкны Бээжин дэх төв салбарын Бизнесийн үйл ажиллагааны төв нь эмнэлэг зэрэг онцгой байгууллагаас авсан бэлэн мөнгөө тусад нь хадгалан, тусгай ажилчин ариутгаж байгаа юм байна. Эмнэлгээс бэлэн мөнгө авахдаа тусгай хайрцагт хийж, 65 хэмээс дээш, 80 хэмийг давахгүй тусгай зориулалтын ариутгалын шүүгээнд бүтэн цаг ариутгаж байна. Энэ тухай тус төвийн ажилчин хэлэхдээ: “Бид эмнэлгээс авчирсан бэлэн мөнгөө нарийн шаардлагын дагуу ариутгаж дууссаны дараа гүйлгээнд оруулахгүй. Шууд Ардын банканд шилжүүлэн өгч байгаа юм” гэжээ.
Эх сурвалж: Хятадын Олон Улсын Радио