Түлхүүр мэдээлэл:
- Хятадын албаны хүмүүс Ковид-19 вирусний дэгдэлтийн гол төв нь Ухань хот байсан ч, үүсэл гарлын хувьд Хятадаас гадуур үүссэн байж болзошгүй гэж үзжээ.
- Уг вирусийг өнгөрсөн намар Ухань хотод болсон Дэлхийн цэргийн наадамд оролцсон АНУ-ын тамирчид авчирсан байх магадлалтай гэж үзэж байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам /ГХЯ/-ны албан ёсны төлөөлөгч Жао Лизян өөрийн твиттер хуудсанд "АНУ-ын цэргийнхний буруугаас шинэ төрлийн коронавирусийг Ухань хотод оруулж ирсэн байж болзошгүй" гэж мэдэгджээ. Гэвч одоогоор үүнийг нотлох баримт байхгүй юм.
Тэрээр, өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Редфилд өнгөрсөн улиралд АНУ-д томуугаар нас барсан хүмүүст задлан шинжилгээ хийхэд зарим цогцосноос Ковид-19 илэрсэн гэх мэдээллийн дор ийнхүү тайлбар хийсэн байна.
Жао өөрийн хуудсандаа “АНУ-д анх уг вирусний өвчлөл хэзээ гарсан бэ? Хэдэн хүн халдвар аваад байна? Ямар ямар эмнэлэгт эмчилж байна вэ? Уханьд Америкийн цэргүүд халдварт өвчин авчирсан байх магадлалтай тул тэд үүнд хариулах ёстой. Ил тод бай! Мэдээллээ олон нийтэд ил болго! АНУ бидэнд тайлбар өгөх үүрэгтэй!" хэмээн жиргэжээ.
Мөн Жао тэднээс өнгөрсөн томуугийн улиралд томуу гэсэн оноштой нас барсан хүмүүсийн хичнээн нь Ковид-19 вирусний халдвартай байсныг тодорхой тоогоор нь мэдээлэхийг шаардсан байна.
Дэлхий даяар Ковид-19 вирус дэгдсэнээс хойш улс орнууд БНХАУ-ыг буруутгаад байгаа. Тэгвэл Хятадын эрх баригчид вирус өөр улсад үүссэн байж болзошгүй гэсэн таамгийг ийнхүү дэвшүүлэх болжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр Хятадын эпидемиологийн чиглэлээр тэргүүлэгч доктор Жонг Наншан "Хэдийгээр Ковид-19 нь Хятадад анх дэгдсэн боловч энэ нь Хятадаас гаралтай гэсэн үг биш" хэмээн хэлж байсан юм.
Жао ч мөн саяхан болсон хэвлэлийн хурлын үеэр "Вирусний гарал үүслийн талаар одоо болтол ямар ч дүгнэлт гараагүй байгаа. Одоо бидний тэмцэж буй зүйл бол эх үүсвэр нь тодорхойгүй дэлхий нийтийн үзэгдэл юм." хэмээн онцгойлон хэлсэн байна.
Эх сурвалж: BusinessInsider