Сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа шинэ коронавирусийн дуулианыг ашиглан бусдын компьютерт нэвтрэх, мэдээлэл хулгайлах оролдлого нэмэгдэж байгааг кибер аюулгүй байдлын Check Point Software Technologies компанийн судлаачид анхааруулжээ.
Тухайлбал “coronavirus” нэрийг оролцуулсан домэйн хаягнуудын 50 орчим хувь нь халдлагад ашиглагдаж байгааг тогтоосон байна.
Үүнээс гадна тус компанийн судлаачид Хятадад байрладаг хакерын бүлэг саяхан Монгол Улсын төрийн байгууллагуудын компьютерт чиглэсэн халдлага зохион байгуулсныг өчигдөр мэдээлжээ.
Ингэхдээ тэд Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэрийг барьж, коронавирусийн анхааруулга байдлаар RTF (Rich Text Format) форматтай хоёр ширхэг файлыг төрийн байгууллагуудын имэйл хаягт илгээсэн байна.