Түлхүүр мэдээлэл:
- Ковид-19 вирус тодорхой температур, агаарын чийгшилтэй орчинд амьдрах чадвар сайтай байж болзошгүй.
- Уг вирусийн дэгдэлт хамгийн өндөр байгаа бүс нутгуудын агаарын темпратур Цельсийн 5-11 хэм, агаарын чийгшил 47-79 хувьтай байна.
- Одоогоор Ковид-19 вирусийн хамгийн их тархсан бүс нь дэлхийн бөмбөрцөгийн хойд өргөрөгийн улсууд байна.
АНУ болон Ираны зарим судлаачид Ковид-19 вирусийн амьдрах таатай нөхцөл дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн дагуух зурваст байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлжээ.
Хэдийгээр Хятадтай ойр байрлалтай, хэлхээ холбоо сайтай ч зүүн өмнөд Азийн орнуудад Ковид-19 өвчний тархалт харьцангуй бага байгаа. Харин дэлхийн бөмбөрцгийн хойд өргөрөгийн Өмнөд Солонгос, Япон, Иран улсууд, Хятадын Хубэй муж, Италийн умард бүс нутаг, АНУ-ын хойд мужуудад халдварын дэгдэлт өндөр байгаа нь эрдэмтдийн анхаарлыг татсан байна.
Тодруулбал, хойд өргөрөгийн 30-50 хэмийн завсарт эдгээр улс орнууд, бүс нутгууд багтаж байгааг АНУ, Ираны судлаачид ажиглажээ. Эндээс шинэ коронавирус нь тодорхой температур, агаарын чийгшилтэй орчинд амьдрах чадвар сайтай байж болзошгүй гэсэн таамаг гарсан байна.
Өмнө нь Хятадын Гуанжоу хотын Сун Ят Сений их сургуулийн судлаачид Ковид-19 вирус нь цаг уурын нөхцөлд мэдрэмтгий, хамгийн тохиромжтой агаарын хэм нь Цельсийн +8.72 хэм орчим гэж тооцоолж байжээ.
Энэ нь Америк-Ираны судлаачдын таамагтай нийцэж байгаа юм. Тэдний ахлагч Балтимор дахь Мэрилэндийн Анагаах Ухаааны их сургуулийн профессор Мохаммад Сажади өнөөдөр коронавирусийн дэгдэлт хамгийн өндөр байгаа бүс нутгуудын агаарын температур Цельсийн 5-11 хэм, агаарын чийгшил 47-79 хувьтай байгааг хэлсэн байна. Одоогоор тэгээс доош хэмийн агаарын температуртай хотуудад халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг тэд баталжээ.
АНУ, Ираны эрдэмтдийн судалгааны тайлан энэ долоо хоногт Social Science Research Network шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдэж, ийнхүү бусад эрдэмтэн мэргэдийн санал дүгнэлтийг сонсож байгаа юм.
Эх сурвалж: Associated Press