Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хангай” хотхоны иргэд: Түрээслээд өмчлөх байрнаасаа гарлаа гэхэд эргээд л утаагаа нэмнэ шүү дээ

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
8 минут 58 секунд

Монгол Улсын Засгийн газар 2016 оны зургадугаар сарын 15-ны өдөр 248 тоот тогтоол гаргаж “Түрээсийн орон сууцны хөтөлбөр”-ийг баталсан байдаг. Ингээд 2017 оны наймдугаар сард сонгон шалгаруулалтад тэнцэж, шаардлага хангасан зорилтот бүлгийн иргэд ТОСК-тай түрээсийн гэрээ байгуулан Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших “Хангай” хотхонд орсон байна.

Улмаар 2019 онд Засгийн газрын 138 дугаар тогтоол гарч, “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” батлагдаж, иргэд түрээcлэж буй орон сууцаа өмчлөх эрхтэй болсон ч 2020 онд байр өмчлүүлэх асуудал яригдаж эхлэхэд ТОСК-аас “Өмчлөх гэрээ”-ний төслийг танилцуулжээ. Гэтэл анх гэрээ хийх үед нэг метр, квадратыг 1,280,000 төгрөгөөр тооцож байсан бол төсөлд дурьдахдаа 1,880,000 төгрөг гэж бичсэн аж. Иймд Хангай хотхоны түрээслэгчдийн төлөөлөл “Амжилт ялалт” НҮТББ-ыг үүсгэн байгуулж, 2020 оны тавдугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар, БХБЯ зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна.

Түрээсийн хугацаа ирэх наймдугаар сард дуусч байгаа ба “Хангай” хотхоны 221 өрх гудамжинд гарахад хүрсэн тул түрээслэгчдийн төлөөлөл суулт зарлан, шаардлагаа ахин хүргүүлжээ. Иймд “Амжилт ялалт” НҮТББ-ыг үүсгэн байгуулагчдын төлөөллөлтэй ярилцлаа.

-Та бүхэн хэзээнээс эхлэн суулт зарлав?

-Өчигдрөөс эхлэн бид суулт зарлаж эхэллээ.

-Өнгөрсөн онд яг энэ асуудлаар Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулж байсан. Та энэ талаар болон илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-Бид зорилтот бүлгийн иргэд. Орон сууцанд орох хүсэлтэй ч боломжгүй иргэдийг хямд өртөгтэй түрээсийн орон сууцанд оруулаад, аажмаар өмчлөх хэлбэрт шилжих боломжийг олгосон. 2016 онд биднийг маш их шалгаж, шалгаруулалтад оруулж байж түрээсийн байрандаа оруулж байсан. Тухайн үед гэрээний ард талд 1 сая 280 мянган төгрөгөөр метр, квадратын үнийг тооцон айл өрхөө оруулна гэсэн юм. Үүнд нь ч хүн бүр итгэж орсон.

Бид таван жилийн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрөөрөө урьдчилгаагаа хийх юм байна гэж бодож байсан. Гэтэл бодит байдал дээр 2019 онд түрээслээд өмчлөх болоход байдал өөрчлөгдөн нэг метр, квадратын 1 сая 880 мянган төгрөг гэсэн 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 298 гэдэг тогтоол гэнэт гаргаж ирсэн.

Ингээд өнгөрсөн оноос хойш асуудал яригдаж эхэлсэн. Иймд бид тухайн үедээ Засгийн газрын баруун хаалган дээр дөрвөн өдөр суусны эцэст засгийн газрын төлөөлөлтэй уулзсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулж, ерөнхийлөгчийн 48-р захирамжийг ч гаргуулсан. Тухайн үед ажлын хэсгийн ахлагчаар одоогийн ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байсан юм.

-Асуудал бол их удаан хугацаанд үргэлжилсэн юм байна шүү дээ. Нөхцөл байдал одоогоор ямар шатанд явж байна?

-Ерөнхийлөгчийн 48-р захирамжид уг асуудлыг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор засгийн газарт оруулж ир гэж тусгасан байдаг. Гэтэл өнөөдөр 2021 оны наймдугаар сарын 29 болчихсон байна. Одоо ирэх наймдугаар сард бидний түрээсийн гэрээ дуусна. Гэтэл энэ олон айл байргүй, очих газаргүй болох ийм нөхцөл бүрдчихээд байгаа юм.

Ажлын хэсэг байгуулагдаад бүтэн нэг жилийн хугацаа өнгөрсөн. Тэдний тайланг сонсоход үнэхээр хангалтгүй байсан. Тиймээс бид одоо засгийн газрын хуралдаанаар орох гэж байгаа. Гэвч дээд төвшний хүмүүс маань наадам, олимп хөөгөөд алга болчихож байна. Эргээд харвал “Хангай” хотхоны иргэдээс гадна “Буянт-Ухаа 2” хотхоны иргэд хүртэл асуудалд орчихоод байна.

Бид байрнаасаа гарлаа гэж бодоход очих газар байхгүй. Бүгд өмнө амьдарч байсан хашаа байшингаа, дугуй гэрээ зараад байраа тохижуулчихсан. Хэрэв байрнаасаа гарлаа гэж бодоход эргээд л утаагаа нэмнэ шүү дээ.

-Суултаа хэзээ болтол үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна?

-Бидэнд хугацаа бага үлдсэн. Ирэх наймдугаар сарын 05 хүртэл сууж ч магадгүй болчихоод байна. Таван хүртэл бидэнд хариу ирэхгүй бол бид тэмцлийн өөр хэлбэрт шийлжих төлөвлөгөөтэй байгаа.

-Өмнө түрээсийн төлбөрт өгч байсан мөнгө одоо ямар ч хэрэгцээгүй болчихсон гэсэн үг үү. Анх гэрээн дээр түрээслээд өмчлөх талаар тодорхой зүйл дурьдаагүй байсан юм уу?

-Бид ТОСК-ийг тэжээчихсэн бололтой. Угтаа ТОСК гэдэг байгууллага нь бага өртгөөр боломжгүй айлуудад байр түрээслээд, тухайн мөнгөөр ахин түрээсийн байр бариад яндангийн утааг бууруулах ёстой шүү дээ.

Харин гэрээний нөхцөлд тийм зүйл огт байгаагүй. Түрээслээд өмчлөх талаар огт оруулаагүй гэсэн үг. Бидэнд өгсөн гэрээний хувь нь тамгагүй. Ингээд бид асуудлыг шийдвэрлэхээр явахаар энэ бол “программын алдаа”, эсвэл “тамгагүй юм чинь та нар юм юм” гэх зүйлийг хэлдэг. Төр нь анхнаасаа иргэдээ хууръя гэж бодсон уу эсвэл ТОСК нь хууръя гэж бодсон уу мэдэхгүй. Дөрвөн жилийн дараа 298 гэсэн тогтоолыг гаргаж ирж байгаа юм.

-Шаардлагаа ахин хүргүүлсэн байна лээ?

-Бид гурван шаардлагыг хүргүүлсэн тодруулбал,

“Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 31-ний өдрийн 298 дугаар тогтоолоор баталсан түрээсийн орон сууцны нэг метр, квадратын үнийг 1 880 000 /нэг сая найман зуун ная/ төгрөгөөр тогтоосон шийдвэрийг цуцлах,

-Түрээслэгчдийн ТОСК-тай байгуулсан 2017 онд хийсэн “Орон сууц түрээслэх гэрээгээр” тохиролцсон үнэ буюу нэг метр, квадратыг 1 280 000 /нэг сая хоёр зуун ная/ төгрөгөөр тооцож өмчлөх,

-Түрээслэгчийн тухайн өдөр хүртэл төлсөн төлбөрийг түрээслээд өмчлөх холбогдох журмын жишигт нийцүүлэн орон сууцны үнэд тооцож, өмчлөх асуудлыг шийдвэрлэх тухай тусгасан.

-Гишүүдийг мөн ирж уулзах хүсэлт тавьсан байна. Ирж уулзав уу?

-Манай Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүдийн ажлын албаныхан ирж уулзсан. Мөн “Буянт-Ухаа 2” хороолол буюу “Буянт” холбооны иргэдийн төлөөлөл бидэнтэй хамт суулт зарлаж байна. Бидний зорилго яг нэг болохоор хамт сууж байгаа юм. Эдний хувьд 1 сая 280 мянган төгрөгөөр метр квадратын үнийг тооцож байсан бол одоо 1 сая 350 мянга болгочихсон. Одоогоор Хан-Уул дүүргээс сонгогдсон гишүүдээс ирж уулзаагүй, төлөөллөө ч явуулаагүй байна.

-Цар тахлын нөлөөнөөс үүдэн суулт зарлаж байгаа иргэд дэглэм баримтлах шаардлага тавьж байгаа шүү дээ. Дэглэмээ хэрхэн сахиж байгаа вэ?

-Бид дэглэмээ ягштал мөрдөж байгаа. Одоо ч гэсэн бид хүн хоорондынхоо зайг бариад суултаа үргэлжлүүлж байна.

-Гадаа 24 хэмийн дулаан байна. Өндөр настай иргэн ч сууж байна. Та бүхэн энэ халуун наранд суулт зарлаж болж байна уу?

-Өндөр настнууд маань орон гэргүй болж байснаас тэнд очоод сууж байя гэдэг. Үнэхээр гадаа халуун байгаа ч бид очих газаргүй болж болохгүй шүү дээ. Маш олон иргэний аж амьдралыг төлөөлөөд бид одоог хүртэл сууж байна.

ШУУРХАЙ: АТГ-аас
ШУУРХАЙ: АТГ-аас "ТЭЦ-3" ТӨК-ийн захирал Ч.Чинбатын өрөөнд ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.