Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжмийн салааны хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц нь Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Үндэсний их ардчилсан хувьсгалын түүхт 100 жилийн ой, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан холын зайн гүйлт хийж Ховд аймгаас Дорнод аймаг хүртэл 46 хоногт 2127 км замыг туулан 07 дугаар сарын 17-ны өдөр бариандаа орсон билээ. Эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйсэн анхны хүн, анхны цэргийн алба хаагч, анхны зэвсгийн явган хүргэлт хийсэн гэдгээрээ онцлог юм.
Ахлах ахлагч Э.Даваажамц өнөөдөр холын зайн гүйлтэд өмссөн дүрэмт хувцас, төрийн далбаагаа монгол цэргийн музейд хадгалууллаа. Тус үйл ажиллагаанд Монгол цэргийн музейн захирал хурандаа Д.Ганзориг Монголын Зэвсэгт хүчний шинэ үеийн түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөн, цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, залуу хойч үед цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж монгол цэргийн тэсвэр хатуужил, эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж, түүхэн амжилтын эзэн болсонд нь баяр хүргэж Монгол цэргийн музейн сан хөмрөгтөө өөрийн гараар дурсгалын үг бичсэн төрийн далбаа, малгай, цамц, өмд, цүнх, гутлыг хүлээн авч “дурсамж” гардууллаа.