“Токио-2020” зуны олимпийн XXXII наадмын нээлтийн ажиллагаа эхлэхэд хоёр хоног, анхны медалийн эзэд тодроход гурав хоног дутуу байгаа ч энэ олимпийн эгэлгүй баатруудын нэр аль хэдийнээ цуурайтаад байна.
Тэдний нэг бол “Токио -2020” олимпийн наадмын хамгийн залуу тамирчин Хенд Заза.
Ердөө 12 настай Сири улсын тамирчин Заза ширээний теннисний төрлөөр олимпод оролцох эрхээ өнгөрөгч оны хоёрдугаар сард Йорданд болсон тэмцээнд түрүүлж авсан билээ. Дэлхийн чансааны 155 дугаарт бичигддэг Заза охин таван настайгаасаа эхлэн өөрийн ах Обайдагасаа үлгэрлэн ширээний теннисээр хичээллэж эхэлжээ.
БНХАУ-ын одон бөмбөгийн од, олимпийн гурав, дэлхийн найман алтан медальт Дин Нинг бишэрч, хүндэтгэдэг Заза охин “Токио-2020” олимпод оролцож туршлага хуримтлуулаад, 2024 онд Парист болох олимпод харин медалийн төлөө өрсөлдөх зорилготой байгаа гэнэ.