Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Дөлгөөн: Халдвар аваад эдгэрсэн хүүхдийн сэтгэл зүйд түгшүүр бий болдог

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
10 минут 55 секунд

Цар тахал нүүрлээд байгаа энэ цаг үед хичээл сургууль хойшлох, хөл хорионд удаа дараа орсон хүүхдүүдийн сэтгэл зүйн байдлын талаар ярилцлаа. Мөн халдвар аваад эдгэсэн, тусгаарлалтад байгаа хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн анхаарах, ямар өөрчлөлт орох талаар зөвлөгөө зөвлөмжийг Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Дөлгөөнөөс асууж тодрууллаа.

Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авч ярилцаж байгаад баярлалаа. Юуны түрүүнд хүүхдийн сэтгэл зүй нас насны онцлогоос хамаараад өөр өөр байдаг байх энэ талаар яриагаа эхлүүлье

Хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой хувь хүмүүс учраас тэдний онцлог ч харилцан адилгүй байдаг. Хүүхдийн нас бага байх тусам тэдний хөгжлийн ялгаа жил сараар биш бүр өдөр өдрөөр хэмжигдэж байдаг. Үүнийг бид хүүхэд өдөр өдрөөр өсдөг гэж ярьдаг шүү дээ. Хүүхэд нярай үедээ (0-1 нас) эргэн тойрон дахь зүйлсийн хэлбэр хэмжээг ухамсарлахаас гадна эргэн тойронд нь өөртэй нь харилцаж буй хүмүүсийн нүүр царайны хувирал, сэтгэл хөдлөлийг таньж мэддэг бөгөөд түүнээсээ суралцаж байдаг. Мөн энэ үед “итгэх болон үл итгэх мэдрэмж”-ийн хөгжил явагддаг. Хүүхэдтэй хамгийн ойр дотно харилцаатай, сэтгэлийн холбоотой, түүнд аюулгүй, таатай мэдрэмжийг төрүүлдэг хүмүүс нь хүүхэдтэй идэвхтэй, чанартай харилцааг тогтмол үүсгэсний үр дүнд хүүхэд эргэн тойрныхоо хүмүүст итгэж, найдаж болохуйц хамгаалагдсан мэдрэмжийг хөгжүүлдэг. Ингэснээр том болоод нийгмийн орчинд бусадтай эв дүйтэй, сайн харилцаатай, хүмүүс хоорондын харилцаанаас эмээдэггүй, бусдад итгэдэг, бусдыг болон өөрийгөө ойлгодог болж төлөвшинө.Өөрөөр хэлбэл хүүхдэд итгэл найдвар төрнө гэсэн үг. Харин балчир нас (1-3 нас) бол “тусгаар байдал ба ичих эргэлзхийн зөрчил”-ийн үе юм. Хүүхдийн хөгжлийн өмнөх үе шатанд итгэх мэдрэмж хөгжсөн бол хүүхэд энэ үе шатанд аливаа зүйлсийг өөрийн биеэр туршиж, хийж үзэхийг эрмэлздэг. Энэ үе эцэг, эхчүүдэд илэрхий ажиглагддаг. Хүүхэд нь ихэнх зүйл дээр “би өөрөө” “би хиймээр байна” “би чадна” гэх зэргээр өөрсдийгөө илэрхийлж байдаг. Энэ нь хүүхдийн тусгаар байдлын мэдрэмж хөгжснийг илэрхийлнэ. Харин нөгөө талаараа ичих эргэлзхийн зөрчил үүсэх нь насанд хүрсэн хойноо бусдаас хэт хамааралтай, хүний үгэнд автамтгай болох магадлалтай. Үүний тоглоомын насанд (4-6 нас) хүүхдэд санаачлага ба буруугаа мэдрэхийн зөрчил үүснэ. Энэ үед хүүхдийн хувьд тоглох бол маш чухал. Тоглоом бол хүүхдийн өөрийгөө илэрхийлэх хэл. Тоглоом болон бусад хүүхдийн хийж буй зүйлийг урамшуулж байх нь хүүхдэд өөртөө итгэх итгэл, аливаад санаачлагатай хандах талыг хөгжүүлдэг бол хүүхлийн хийж буй зүйлсийг үл тоох, шоолох зэрэг нь хүүхэд буруу зүйл хийчихлээ гэж өөрийгөө буруутгах, бие даахаас татгалзах байдлыг хөгжүүлнэ. Сургуулийн насанд (6-12 нас) хөдөлмөрлөх сонирхол ба дутуугийн мэдрэмжийн зөрчилтэй үе юм. Хүүхэд сургуульд орсноор өөрийгөө хэн болох, юунд дуртай, дургүйгээ таних, юуг яаж хийх ёстойгоо ойлгодог болох зэргээр хөдөлмөрт сониролтой болно. Тэдний хийсэн аливаа зүйлсийг үгүйсгэх, нас хөгжлийн онцлогт нь тохироогүй даалгавар даалгах, гаргасан амжилтыг нь дутуу үнэлэх зэрэг нь хүүхдэд дутуугийн мэдрэмж үүсгэх нэг хүчин зүйл болдог. Өсвөр нас (12-20) насанд би адилтгал ба үүрэг холилдохын зөрчил хөгжинө. Энэ үед хүүхдийн өөрийнхөө талаарх ойлголт, төсөөлөл нь бусад хүмүүсийн бодолтой тохирч байгаа эсэхэд тэд их анхаардаг. Хэрвээ хүүхэд тохирч, таарч байна гэсэн итгэл үнэмшилтэй байвал энэ нь цаашдаа өөрийн дотоод ертөнц, сонирхол, зорилгодоо үнэнч байдлыг хөгжүүлдэг. Нөгөө талаараа үүрэг холилдохын зөрчил хүүхдэд үүсэх тохиолдолд өөрийн талаар буруу ойлголттой болох, хэт холы зорилгод автах, ирээдүйд хэн болох, юу хийх, ямар зорилготой байх, би ер нь хэн юм бэ гэсэн бодлуудад их автдаг гэсэн үг

Цар тахал хүүхдийг сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байгаа талаар?

Хүүхдийн хөгжлийн үеэс шалтгаалж өөр өөр хэрэгцээтэй байдаг. Дээрх нас, насны онцлогоос хүүхдэд хэрэгтэй байдаг хамгийн чухал зүйл бол аюулгүй, итгэл найдвартай харилцаа. Ковидын улмаас олон дараалласан болон урт хугацааны хөл хорионд байх нь хүүхдүүдийн нийгмийн харилцаанд орох, өөрийгөө илэрхийлэх хэрэгцээг хангах боломжгүй болж байгаа нь хамнийэн том асуудал болж байна.

Хүүхдүүд цар тахлаас үүдэн гадаа тоглох, найз нөхөдтэйгөө харилцаанд орох нь хомс болсон. Тэгвэл үүнийг дагаад ямар хор нөлөө үүсэж байна вэ? Эцэг эхчүүд юун дээр анхаарах нь зүйтэй вэ

Тэдний хувьднийгмийн харилцаанд орох нь зөвхөн сэтгэл зүйн хэрэгцээг хангаад зогсохгүй, нийгэм сэтгэл зүйн хөгжил, танин мэдэхүйн хөгжил, сэтгэл хөдлөлийн хөгжил зэрэгт тийм ч таатай нөлөөг үзүүлэхгүй байгаа болов уу. Мөн хүүхдүүдийн хувьд гадаах ертөнц аюултай өвчинтэй гэдэг ойлголт хөгжиж байгаатай холбоотой айдас, түгшүүр нэмэгдэж, ганцаардах, стресст орох зэрэг асуудлууд үүсэж байх боломжтой. Нөгөө талаараа хүүхдүүд маань гэртээ байгаа, эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ хамт байх цаг өмнөх үеэс их болсон байгааг зөв ашиглах ч боломжтой. Гэр бүлийн чанартай цагийг хамт өнгөрөөх, хамт тоглох, өдөр бүр хүүхэдтэйгээ тодорхой хугацаанд тогтмол ярилдаг байхгэх мэт энгийн үйлдлүүд нь хүүхдийн сэтгэл зүйн хөгжилд чухал байдаг.

Ковид-19 халдвар тусаад эдгэсэн хүүхдийн сэтгэл зүйд ямар өөрчлөлт орох бол. Эцэг, эхчүүд халдварт өртсөн хүүхэддээ яаж анхаарах хэрэгтэй вэ?

Зөвхөн ковид-19 гэлтгүй аливаа өвчин тусаад эдгэсэн хүмүүсийн сэтгэл зүйд түгшүүр нэмэгддэг. “Би яах бол, дараа нь ямар асуудал үүсэх бол, үнэхээр эдгэсэн болов уу, найзуудтайгаа уулзахад намайг яаж хүлээж авах бол” зэрэг сөрөг таамаглалыг бодох магадлалтай. Өвдсөн хүмүүсийг хүлээж авах нийгмийн эерэг хандлага чухал. Өвдсөн хүүхдэд “Миний хүүхэд ганцаараа биш, түшиг тулгуур болох аав, ээж, асран хамгаалагч нь байна” гэдгийг маш сайн илэрхийлж байх ёстой. Гэхдээ халдвар аваад эдгэсэн хүүхдүүд, халдвар авсан хүүхдийн сэтгэл зүй одоогоор судлагдаагүй байна. Тиймээс дараагийн ярилцлагадаа нарийн дэлгэрэнгүй ярьж өгье.

Халдвар аваад тусгаардагдсан, хичээл орохгүй гэртээ сууж байгаа хүүдүүд утас зурагт зэрэг зүйлийг их хэрэглэж байна. Ямар үр дагавартай вэ? Хэрэглээг хэрхэн хянаж зохицуулах вэ?

Аливаа зүйл үргэлж хоёр талтай байдаг шиг цахим хэрэглээ, телевизийн хэрэглээ чмөн адил хоёр талтай. Хүүхдэд тодорхой хэмжээ, хязгаартай ч гэсэн эдгээр хэрэгслээр дамжуулж мэдээлэл авах орон зайг хүүхэддээ олгох хэрэгтэй. Хүүхдүүд хүүхэлдэйн киногоор дамжуулж ёс суртахууны талаар ойлголттой болох боломжтой. Зурагт, утас үзэх цагийг хүүхэдтэйгээ тохиролцох нь байдлаар шийдэх нь илүү үрдүнтэй болов уу. 0-2 насанд 15-20 минут нас, сэтгэхүйн онцлогт тохирсон дүрс, видеог үзэх, 3-5 насанд 30 минут, өсвөр насанд нэг цаг хагасаас хоёр цаг хүртэлх хугацаанд бичлэг, зурагт үзэх гэх мэт байдлаар ойлгуулж, тайлбарлаарай. Технологийн эрин зуунд огт зурагт, утас үзүүлэхгүй гэхээс илүү үзэж буй зүйлийн агуулгад нь хяналт тавих ёстой. Хүүхдийн сэтгэл зүйд гэмтэл үзүүлж болзошгүй хэрцгий, цус нөжтэй, хүчирхийлэлийн агуулгатай зүйлсийг үзүүлэхээс аль болох сэргийлж байх нь хүүхдийн сэтгэл зүйн цочрол, гэмтлээс сэргийлэхэд тус болох байх.

Эцэг эхчүүд томчууд хүүхдийн сэтгэл санааг хэрхэн тайван байлгах зөв удирдаж чиглүүлэх аргаас хуваалцана уу?

Хүүхдийн сэтгэл санааг тогтвортой болгох гол арга нь эцэг, эх, хүүхдийн хоорон дахь эрүүл харилцаа юм. Тиймээс эцэг, эхийн харилцаа нь илүү сайн байх хэрэгтэй. Асуудлыг хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлж сэтгэл зүйчид хандаж болно. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ талаар, сэтгэл зүйн талаар илүү мэдээлэлтэй болж, боловсролтой болох нь ямар нэг асуудал тулгарч байгааг нь анзаарахад дөхөм болно. Сөрөг сэтгэл хөдлөл мэдрэх нь хэвийн зүйл учраас түүнийгээ илэрхийлж байх хэрэгтэйг хүүхдүүддээ ойлгуулаарай. Сэтгэл хөдлөлүүдийн талаар танилцуулж, мэдүүлж байх нь бусдын оронд өөрийгөө тавьж мэдрэх чадварыг хөгжүүлдэг. Жишээлбэл, гэрийн даалгавраа хийхэд нь чимээгүй орчныг бүрдүүлж өгөх зэргээр хүүхэддээ илүү их анхаарал тавьж байгаарай. Хүүхэд том болох тусам “Үүнийг чадахгүй байхдаа яах вэ дээ” гэсэн байдлаар хандахгүй байхыг хичээгээрэй.

Ярилцсанд баярлалаа.

Эрүүл мэндийн яамнаас дараах анхааруулгыг хүргүүлж байна
Эрүүл мэндийн яамнаас дараах анхааруулгыг хүргүүлж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.