Манай төр "хувьдаа" банктай. Байгуулагдсан цагаасаа хойш ашигтай ажилласан гэж үе үеийн төрөөс томилогдсон дарга нар нь ярьдаг. Эдийн засаг, банкны систем талаасаа үнэний хувьтай ч төрийн өмчит гэдгээрээ улс төрийн асуудлыг үргэлж л араасаа дагуулж ирэв.
Эрх барьсан нам банкны удирдлагыг томилж, төр болсон хойно удирдлагын бүтэц бүрэлдэхүүнийг нь өнгөрсөн жилүүдэд улам л “данхайлгасаар” ирсэн. Төв оффистоо л гэхэд 60 гаруй захирал ажилладаг байдлаа Төрийн банкныхан банкны системийн онцлог гэж тайлбарласаар суугаа. Энэ мэт асуудлыг араасаа дагуулдаг төрийн мөчит банкийг хувьчлах нь зүйтэй гэх байр суурийг олон хүн илэрхийлдэг. Зарим нь эрх барьж буй улс төрийн хүчин банкны хөрөнгийг нэмэх гэх зэрэг ашигтай нөхцөл үүсгэж байгаад байгаад өөрсддөө “ашигтай” хувьчлал хийх гэж байна харддаг.
Тэгвэл 2015 оноос бараг жил бүр яригдах болсон Төрийн банкны хувьчлалын асуудлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар урагшлуулахаар бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Тодруулбал, “Төрийн болон төрийн оролцоотой банкийг 2021-2023 онд хувьчлах үндсэн чиглэл” гэгчийг боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хурлаар оруулж хэлэлцүүлэхэд гэж байгаа аж.
Уг үндсэн чиглэлд зааснаар банкны нэмэлт хувьцаа гаргаж олон нийтэд нээлттэй арилжаалах замаар Төрийн банкийг хувьчлах аж бөгөөд орлогыг банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зарцуулахаар тусгажээ.
Нэмэлт хувьцаа гаргах зарчмаар Төрийн банкны 20 хувийг нь хувьчилна
Төрийн банкийг анх 2009 онд “Зоос” банкийг татан буулгахтай холбогдуулан байгуулж, 2013 онд “Хадгаламж” банкийг асуудалд ороход тус нэмж нэгтгэсэн түүхтэй. Өнгөрсөн хугацаанд хоёр банкны ажилтан албан хаагчид болон үйлчлүүлэгчдийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэх болсон тул хувьчлалын асуудлыг сүүлийн жилүүдэд хүчтэй ярьж эхэлсэн юм.
Одоогийн байдлаар тус банкны нэмэлт хувьцааг 20 хүртэлх хувь байхаар тооцож, үе шаттайгаар нэмэгдүүлэх зарчмыг баримтлахаар үндсэн чиглэлдэ тусгажээ. Харин төрийн эзэмшил хувийг 80 хувь байхаар “төсөөлжээ”. Одоо бол Төрийн банкны 25 хувийг Сангийн яам, 75 хувийг нь "Хадгаламжийн даатгалын корпораци" эзэмшдэг. 2 сая давсан хэрэглэгчид, 200 мянга гаруй зээлдэгч, 500 гаруй салбар нэгжтэй томоохон банк.
Төрийн банкны хувьчлалд 1 тэрбум 250 сая төгрөг зарцуулахаар төсөөлөв
Төрийн банкийг хувьчлах тогтоолын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг ч мөн адил тооцоолсон байна. Хувьчлах зардлын төсөөллөөр бол тус банкийг үе шаттайгаар хувьчлахад эхний тооцооллоор нийт 1 тэрбум 250 сая орчим төгрөгийг зарцуулахаар төсөөлжээ. Уг зардалд хөрөнгийн үнэлгээ, хуулийн зөвлөх, аудитын компанитай хийх гэрээ болон бусад зардлуудыг тусгагдсан бөгөөд уг зардлыг банкнаас гаргах юм байна.
Ийнхүү сүүлд хэд хэдэн Засгийн газрыг дамжуулан хувьчлах асуудал сунжирч яваа Төрийн банкны хувьчлалыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нэг мөр эцэслэн шийдэх бололтой. Гэхдээ эцсийн шийдвэрийг УИХ гаргана гэдгийг сануулъя.
Г.Лхагвадорж