Төв талбайд суулт зарлаж буй эмнэлгийн байгууллагуудын ажилтнуудтай ЭМ-ийн сайд С.Энхболд уулзлаа. Тэрбээр, "Цалин нэмэх талаар салбарын сайдын хувьд дэмжинэ. Энэ хэцүү цаг үед та хэд минь ард иргэддээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасралтгүй үзүүлж байгаад баярлаж, талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Цалин нэмэх асуудлыг Засгийн газарт тавьж байгаа. Миний бие энэхүү албан тушаалыг авснаас хойш цалин мөнгөний асуудлыг байнга тавьж байгаа. Холбогдох сайд нартай уулзаж байгаа.
Гэхдээ энэ асуудлыг хэлэлцээрийн ширээний цаана сууж шийдэх ёстой. Би ч бас өөрөө эмч хүн. Хамгийн гол нь зөв гаргалгааг олох хэрэгтэй. УОК-ын хурлын дараа холбогдох хүмүүстэй уулзсан. Тиймээс хэдүүлээ гурван талт хэлэлцээр хийх хэрэгтэй. Өнөөдөр 17.00 цагт Эрүүл мэндийн яаманд үйлдвэрчний эвлэлийн төлөөллүүд, яамны удирдлагуудтай гурван талт хэлэлцээр хийцгээе" гэв.