Монгол Улсад шинэ төрлийн коронавирус халдварын анхны тохиолдол Дорноговь аймагт илэрсэн талаар Улсын онцгой комисс мэдээллээ.
Тиймээс Улаанбаатар хот руу орох, хотоос гарах хөдөлгөөнийг, аймаг сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэгийг өнөөдрөөс эхлэн ирэх даваа гараг буюу гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоох шийдвэрийг Улсын онцгой комисс гаргалаа.
Шийдвэрийг УОК өнөөдөр өглөө 06.00 цагт хийсэн шуурхай хуралдааны үеэр гаргасан юм.
Энэ талаар Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Урьд шөнө гадаадын нэгэн иргэнээс коронавирус илэрсэн мэдээлэл ирлээ. УОК-оос гуравдугаар сарын 10-ны 07:00 цагаас 16-ны 07:00 хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос болон орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг хягзаарлаж, энэ хооронд шаардлагатай арга хэмжээнүүдийг авахаар боллоо" гэв..