Нийслэлийн агентлагуудын дарга нар COVID-19 буюу шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх нийслэлийн Шуурхай штабыг ажилуулж,нутгийн захиргааны байгууллагууд болон харьяа агентлагуудын 21 мянга гаруй албан хаагч зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэж ажиллаж байна. Автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн тандалт судалгааг хийж мэргэжлийн байгууллагуудын хамтарсан үзлэг шалгалтыг хийж байгаа бөгөөд өнөөдрийг байдлаар сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Нийслэлийн Онцгой комиссын А/223 дугаар захирамжийн хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 5631 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Дийлэнх аж ахуйн нэгжүүд захирамжийн хэрэгжилтийг биелүүлж байгаа боловч нууцаар үйл ажиллагаагаа явуулах хэрэг зөрчил илэрсээр байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдлээ.
Тэрбээр “Өнөөдрийг хүртэл таван аж ахуйн нэгжийн тусгай эрхийг нь цуцалж зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээг авсан. Нэг хаалга дээр нь лац тавихаар нөгөө талын хаалгаа нээчихдэг баарууд мэр сэр байна, тэдгээрийн тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан” гэв. Мөн ариутгалын ажлууд хийгдэж байгаа ба 2300 гаруй худалдааны газрууд, 865 хоол үйлдвэрлэлийн гээд 8257 аж ахуйн нэгжүүдэд бүрэн ариутгал хийсэн талаар хэлсэн юм.