УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн ээлжит хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийг хэлэлцэж байна. Монгол Улс 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа "Өршөөл үзүүлэх тухай хууль"-ийг хэлэлцэн, баталж байжээ.
Энэхүү хуулийн танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хийлээ.
Тэрбээр "Энэ оны зургаадугаар сарын 24-ний өдрийн байдлаар хоригдож байгаа 4154, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж буй 104, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээ авагдсан 4529, нийт 9987 ялтан байна. Нэг ялтны хоолны төсөв 6000-8000 байдаг. Хорих анги байгууллагуудын хувьд олон хүн нэг байранд төвлөрөх, хяналт тавьж буй албан хаагчид нийгмийн харилцаанд оролцож, халдвар авах, тээх эрсдэлтэй тул коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд богино хугацаанд олон хүнийг хамрах тархах, улмаар жирэмсэн болон нярай хүүхэдтэй эмэгтэйчүүд биеийн дархлаа сул, өндөр настай хоригдлууд хүндээр өвчилж, хүний амь нас эрсдэх аюултай нөхцөл байдал үүсч болзошгүй байна" гэлээ.
Мөн "Зөрчлийн тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжиж эхлээд таван жилийн хугацаанд буюу энэ оны эхний таван сарын байдлаар 168 тэрбум 948 сая төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулсанаас 73 тэрбум 339 сая төгрөг нь төлөгдөөгүй байна. Тиймээс тус хуулийн дагуу оногдуулсан шийтгэл цар тахлын энэ цаг үед ажлын байраа алдсан, орлогоо алдсан иргэд, санхүүгийн үйл ажиллагаа нь доголдсон аж ахуйн нэгжүүдэд дарамт бий болгож байгаа тул "Өршөөлийн хууль"-д хамруулахаар тусгаад байна" хэмээн онцоллоо.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.