Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын “Цагаан тохой” хэмээх газарт энэ сарын 24-нд осолдож, замын хажуу руу унасан билээ.
Харин олон нийтийн сүлжээнд асгарсан шатахуун урссаар Орхон голд хүрч, бохирдуулж эхэлсэн гэх мэдээлэл түгсэн юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга З.Түвшинтөгс “Түлш асгарсан газар нь Орхон голоос 5-6 км зайтай. Голд хүрээгүй. Ослын газраас 500 метр гаруй зайтай борооны тогтоолд түлш орсон. Тиймээс тухайн борооны тогтоол уснаас дээж авч эрсдэлийг үнэлэх ажлыг зохион байгуулж байна” гэх мэдээллийг өглөө.
Уг ослын үед асгарсан түлш 80-100 тонн ба гурван га талбайг хамарсан талаар албаныхан хэлж байна.
Ослын улмаас үүсэж байгаа байгаль орчны бохирдлыг тогтоох, холбогдох арга хэмжээг авахаар Ажлын хэсэг ажиллаж эхэлсэн юм. Мөн байгаль орчинд үүсэх хохирлын хэмжээг бууруулахаар 35-40 см гүнтэй хөрс хуулалт хийж, цуваанд ачиж явсан элс хайргыг ашиглан асгарсан түлшийг шингээж авах арга хэмжээ авч байгаа аж.
Э.Мягмарнаран