Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Хөл хорионы үед 500 сая төгрөгийн алдагдал хүлээсэн “THE LOF” үүдээ нээлээ

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
8 минут 39 секунд

Аж ахуй нэгжүүдийн "тэвчээр алдарч", төр засгаас гаргасан шийдвэрийг сөрж, тасалдаад байсан үйл ажиллагаагаа сэргээж эхэллээ. Эдгээр байгууллагын нэг, салбарынхаа төлөөлөл болсон "THE LOF GAMING CENTER" өчигдрөөс 50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Манай сурвалжлах баг цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж нэг жил зургаан сарын хугацаанд хаалттай байсан "Lof-4" цахим тоглоомын төвийг зорьсон юм.

Салбартаа тэргүүлэгч цахим тоглоомын төвүүдийн нэг нээгдсэн сургаар зорин очих үйлчлүүлэгчдийн тоо их байх нь мэдээж. Биднийг очиход үүдэнд нэг хүн үйлчлүүлэгчдийг хаалгаар нэвтрүүлж, дараагийн хүн гар ариутган, халуун хэмжиж, вакцины хоёрдугаар тунд хамрагдсан эсэхийг шалган оруулж байв. Хүн хоорондын зайг мөрдүүлэхийн тулд харалдаа нэг компьютерийг алгасаж суухаар зохион байгуулжээ.

Өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаа нь тасалдсаны улмаас ямар нөхцөл байдалд хүрсэн болоод цаашид хэрхэх зэрэг хэд хэдэн асуудлаар "The lof gaming center"-ийн захирал А.Мөнх-Оргилтой ярилцлаа.

-ЗУРГААН САЛБАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ БАЙСНААС ГУРАВ НЬ ТАТАН БУУГДСАН-

-Юун түрүүнд ойлголтоо нэг ижил болгосон нь зүйтэй байх. "Lof gaming center" ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газруудын нэг бол видео тоглоомын төв юм. Манайх pc тоглоомоор дагнасан цахим тоглоомын үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Стандартыг хангаж үйл ажиллагаа явуулдаг газруудын нэг. Одоо үед хуучны байрны подволд байдаг шиг pc тоглоомын газрууд бараг байхгүй болсон.

"The lof gaming center" маань 2009 оноос 2020 оны нэгдүгээр сар хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажиллаагүй. Зургаан салбар үйл ажиллагаа явуулж байснаас өнгөрсөн нэг жил, хагасын хугацаанд гурав нь татан буугдаад байна.

Нийт 60 ажилтантай байсан бол өнгөрсөн жилийн есдүгээр сард хүмүүсээ бүртгэж үзэхэд 30 гаруй ажилтантай болсон байсан. Өнөөдрийн байдлаар төв салбар дээр маань 10 орчим хүн ажиллаж байна. Бусад салбараа нээвэл хүмүүстэйгээ эргэж холбогдоод ажилд нь эргүүлэн оруулна.

-500 САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛД ОРСОН-

-Зургаан салбар төвийн гурав нь татан буугдсан гэлээ. Хэдий хэмжээний санхүүгийн алдагдал хүлээгээд байна вэ?

-Манайх банкнаас болон хувь хүнээс 700.000 орчим ам.долларын зээлтэй байдаг юм. Хувь хүмүүс маань манай өөрсдийн хүмүүс байдаг учраас зээлийнхээ хүүг 0 болгосон бол өнгөрсөн хугацаанд банкны зээлийн хүүд 150 сая төгрөг бодогдон хуримтлагдсан байна. Түрээсийн хувьд газрууд 30-50 хувь хөнгөлж байсан.

Дээрээс нь 60 ажилчныхаа сул зогсолтын мөнгө болгож сардаа 200 мянган төгрөг өгч байсан. Сүүлдээ хуримтлуулсан мөнгө дуусаад сул зогсолтын мөнгө өгөх боломжгүй болон эргээд үйл ажиллагаа явуулж эхлэхээр нөхөж өгөхөөр тохиролцсон. Сул зогсолтын мөнгөнд л гэхэд 180 сая орчим төгрөг зарцуулсан байна. Энэ бүх өр нийлээд 500 сая орчим төгрөгийн алдагдал болоод байна.

-Үйл ажиллагаагаа сэргээлээ. Халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдүүлж, сахиж байна вэ?

-Манай төв салбар нийт 290 компьютертэй үүнээс 50 хувь нь ажиллаж байгаа. Нэг хүн нэг компьютерийн зайг алгасаад сууж байна. Бүх агааржуулалтаа ажлуулаад бүх салхивчаа нээсэн байгаа. Манай барилгын онцлог нь хоёр талаасаа нэвт салхилах боломжтой учраас агаар сэлгэлтийг сайн хийж байгаа.

Үүн дээрээс мэдээж үйлчлүүлэгчид амны хаалтаа зүүж тоглоно, орж ирэхдээ вакцинд хамрагдсан баримтаа үзүүлнэ, халуунаа хэмжүүлнэ, гараа ариутгана гээд тодорхой мөрдлөгүүд бий. Мэдээж 18-аас дээш насныхан манайхаар үйлчлүүлэх эрхтэй байдаг.

-Өнөөдрөөс үйл ажиллагаагаа сэргээхэд хамгийн ихээр нөлөөлсөн хүчин зүйлийг юу гэж үзэж байна вэ?

-Манай нэг онцлог нь хоолны газрууд болон зарим байгууллагууд шиг амны хаалтаа аваад хоорондоо ойртох нөхцөл бүрдэхгүй. Маскаа зүүгээд, зайтай сууж байгаа. Нэгэнт бид өдийг хүртэл үүргээ ухамсарлаад ажиллахгүй явж ирлээ. Одоо бол дэлхийн бусад улс орнууд бүгд хүлээн зөвшөөрөөд цахим тоглоомын газрууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Манайх ч бас үүнтэй эвлэрээд үйл ажиллагаа явуулах л хэрэгтэй байна.

-НИЙСЛЭЛИЙН ЗАХИРАГЧИЙН АЛБАНД ХҮСЭЛТЭЭ АЛБАН ЁСООР ХҮРГҮҮЛСЭН-

-Та бүхний зүгээс НЗДТГ болон бусад холбогдох байгууллагуудтай хэрхэн тохиролцох бодолтой байгаа вэ?

-Бид өнөөдөр нийслэлийн захирагчийн албанд хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн байгаа. Хоолны газруудтай хийсэн хариуцлагын гэрээг бид харсан. Түүнийг нь бид өөрсдийн нөхцөл байдалд тааруулан шинээр найруулсан гэрээг хавсралтаар хүргүүлсэн. Нааштайгаар авч шийдэх болов уу гэж найдаж байна.

-БИД АРХИ ДАРС ХЭРЭГЛЭЭД, ТЭВРЭЛДЭЖ БҮЖИГЛЭЭГҮЙ ШҮҮ ДЭЭ-

Түүний хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд нэг ч удаа үүдээ нээгээгүй ганц салбар бол цахим тоглоомын салбар юм. Цахим спорт сонирхогч, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхээр ирсэн үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонслоо.

Энэ үеэр 22 настай иргэн Б.Хүслэн "Монгол улс E-sport-ийг хөгжүүлж чадвал дэлхийн түвшинд ямар амжилт үзүүлж чадахыг Zeus clan, Mongolz гээд Монголын багууд харуулж байна. Мэдээж энд тоглож байгаа бүх хүмүүс мэргэжлийн тамирчид болохгүй. Гэхдээ бид нар халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад нэг нэгнээсээ зайтай суугаад чөлөөт цагаа хөгжилдөж өнгөрөөж яагаад болохгүй гэж. Бид архи дарс хэрэглээд, агсам согтуу тавиад, хоорондоо тэврэлдэж бүжиглээгүй шүү дээ" гэв.

Мөн түүнтэй хамт тоглохоор ирсэн Э.Ганболд "Манайхан pc гэхээр л оготны нүх шиг булан тохойд чийг үнэртсэн, агааргүй орчин төсөөлдгөө болих хэрэгтэй. Цахим тоглоом сонирхогчдыг ч мөн адил pc-нд донтсон бага насны хүүхдүүд гэж хардаг үзлээсээ салмаар байгаа юм. Миний хувьд ажлынхаа бус цагаар найзуудтайгаа хоёр цаг тоглоод л болдог. Заал авахтай л адил. Хонуут өнжүүдээр тоглоод байдаггүй" гэж ярилаа.

Цахим хөгжлийн яам байгуулахаар зорьж буй манай улсын Засгийн газрын хувьд цахим тоглоомын төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах нь дотоодод олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулж, түүгээрээ хөрөнгийн урсгалыг эх орондоо татах, аялал жуулчлалыг эрчимжүүлэх зэрэг эдийн засгийн томоохон ач холбогдлуудтай.

Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үеийг улс нийтээр даван туулж байгаа ч халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулан аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих нь чухал болоод байна.

Энэ чиглэлээр төр засаг, иргэн, ААН хамтарч ажиллаж болох, эсэх нь үйл ажиллагаагаа сэргээсэн бизнес эрхлэгчдийн хариуцлага дээр тогтохоор боллоо. Нэг талаас төрийн итгэлцэл, нөгөө талаас иргэн, ААН-үүдийн өөрсдийн хариуцлагаас бизнес эрхлэгчдийн цаашдын ирээдүй шалтгаалах боллоо.

Засаг тогтвортой байхын тулд Үндсэн хуульд дахин гар хүрч, “ДАВХАР ДЭЭЛ”-ийг сэргээх гэж байна
Засаг тогтвортой байхын тулд Үндсэн хуульд дахин гар хүрч, “ДАВХАР ДЭЭЛ”-ийг сэргээх гэж байна
 
Ц.Туваан: Халзан бүрэгтэйн орд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон лицензийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа
Ц.Туваан: Халзан бүрэгтэйн орд Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олгогдсон лицензийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.