Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засаг тогтвортой байхын тулд Үндсэн хуульд дахин гар хүрч, “ДАВХАР ДЭЭЛ”-ийг сэргээх гэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 38 секунд

Өнгөрөгч 25-ны өдөр МАН-ынхан Бага хурлаа хийж тус намын даргаар Л.Оюун-Эрдэнэ 100 хувийн саналаар өрсөлдөгчгүй сонгогдсон. Түүний Засгийн газар цаашид тогтвортой ажиллахын тулд зарим сайдаасаа салах ёстой гэж олон нийт ч, төрийн түшээд ч шүүмжлэх болсон. Энэ шахалтаар гурван сайдаа сольж, хоёр яам шинээр байгуулах замаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах тохироо хийгдэж байна гэж саарал ордны тамхины цэг дээр шивэр авир хийх болжээ.

Тэгвэл хоёр, гурван сайд төдийхнөөр биш нэлээд даацтай өөрчлөлт хийж 2024 хүртэл Засгийн газраа тогтвортой ажиллуулахаар болсон тухай эх сурвалж мэдээлж эхэллээ.

Тодруулбал, МАН Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр бэлтгэж байгаа гэв. Өнгөрөгч парламент 2019 онд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 3.3-т Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно гэж заасан байдаг.

Тэгвэл үнэмлэхүй ялалт байгуулсан МАН журмын тухай хуулиа өөрчилж үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дахин хэлэлцэхээр болжээ. Үүний шалтгааныг парламентын засаглалыг гүнзгийрүүлэх, гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг улам баталгаажуулахтай холбон тайлбарлаж байна.

Өөрөөр хэлбэл 2019 оны нэмэлт өөрчлөлтөөр санасан бүх өөрчлөлтөө хийж чадаагүй, дутуудсан зүйл их бий гэж тэд үзэж байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгын нөлөө, хориглолт зэргээс шалтгаалж шийдэж чадаагүй асуудлуудаа тэд энэ намрын чуулганаар дахин хэлэлцэх бололтой. Үндсэн хуулийг дахин өөрчлөх тухайгаа МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөөс л олон нийтэд дэлгэж эхэлсэн. Н.Энхбаяр нэгдсэн даруйдаа “Нэгдлийг гол утга учир нь Үндсэн хуулийн өөрчлөлт, чадвал дахиад шинээр бичнэ” гэх зэрэг мэдэгдлийг хийж эхэлсэн юм. Тэгвэл МАН-ынхан дараах гурван зүйлд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэж эх сурвалж мэдээлж байна.

УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ 99 БОЛГОЖ НЭМНЭ

Өнгөрөгч парламентын үед УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлагатай гэж эрх баригчид ч, эрдэмтэн судлаачид ч их ярьсан. Олон улсын туршлагаас харвал манайх шиг 3.3 орчим сая хүн амтай улсын парламент 130-150 гишүүнтэй байдаг аж.

Тэртээ 1992 онд үндсэн хуулийг баталснаас хойш хүн амын тоо 35 орчим хувиар өссөн. Харин түүнийг дагаж төлөөллийн тоо нэмэгдээгүй учраас олон улсын жишигт ойртуулж эрх мэдлийг илүү хүртээмжтэй болгохын тулд энэ өөрчлөлтийг хийх шаардлагатай гэдэгт санал нэгдэж байгаа бололтой.

76 ЖИЖИГ МАНДАТ, 24 ЖАГСААЛТ

Манай Улс 1992 оноос хойш найман удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулаад байна. Гэвч сонгууль болгон өөр тогтолцоогоор, тухайн үеийн эрх баригчдын ашигтай гэж тооцсон хувилбараар явагдаж ирсэн гэхэд хилсдэхгүй. Сонгуулийн тогтолцоог хувь тэнцүүлсэн буюу пропорционал болгох нь улс төрийн намуудын төлөвшилд маш чухал, мөн гурав дахь хүчин буюу жижиг намуудад ч хэрэгтэй гэж үздэг. Хувь тэнцүүлсэн тогтолцоог төлөвшүүлэхийн тулд улс төрийн намуудын хууль, тогтоомж маш боловсронгуй болсон байх ёстой.

Улс төрийн намуудын хууль тогтоомж нь боловсронгуй биш, нам нийгмийн институт биш бүлэглэлийн гарт байгаа цагт харин энэ жагсаалт нь олон нийтийн хүсэл эрмэлзэлд биш эрх ашиг, бүлэглэлийн тохироогоор гардаг гэдгийг өнгөрөгч 2012 оны сонгууль тод харуулсан. 2016 онд жагсаалтыг Үндсэн хууль зөрчиж иргэд элч төлөөлөгчөө шууд сонгох зарчимтай харшилж байна гэж Үндсэн хуулийн Цэц үзсэн.

Тэгвэл уг хувь тэнцүүлсэн элементийг дахин оруулахын төлөө Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэж эрх баригчид үзэж байна. Нөгөө талдаа энэ УИХ-д гурваас дээш сонгогдсон гишүүд маш их байгаа. Ах нар тойрогтоо унах аюултай учраас пропорционал жагсаалтыг сэргээх ёстой гэдэг дээр дуу нэгтэй лобби хийх болсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 99 гишүүний 76-г жижиг мажоритар тойргоос, үлдсэн 24-ийг жагсаалтаар сонгох хувилбарыг ирэх намрын чуулганаар зүтгүүлж батлуулахаар болж байгаа гэв.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮХ САЙДЫГ УИХ-ААС ТОМИЛНО

Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газарт УИХ-ын дөрвөн гишүүн л байх боломжтой. Хэдэн арван жил гүйцэтгэх засаглалын ажилд хутгалдаж, давхар дээл нөмөрдөг, томилгоо хийдэг байсан УИХ-ын гишүүдэд энэ нь маш халтай заалт болсныг хүлээн зөвшөөрөх болжээ. "Давхар дээл"-ийг хязгаарлах болсон гол шалтгаан нь гүйцэтгэх засаглал парламентынхаа дээр гараад суучихдаг, мөн парламентын хууль тогтоох үйл ажиллагаанд дан дээлтэй гишүүд хэт цөөдөж хуулийн чанар мууддаг, эсрэгээрээ Засгийн газар парламентын ажлыг гүйцэтгэх засаглалын ажилд хамт хийснээр засаглалын зааг арилж, төлөөллийн ардчилал алдагддаг гэж үзсэнтэй холбоотой.

Тэгвэл нэгэнт УИХ-ын гишүүдийн тоог 99 болгох учраас Засгийн газар ойролцоогоор 20 сайдтай байлаа гэхэд цаана нь 70 орчим гишүүн үлдэнэ. Хууль тогтоох үйл ажиллагаа цалгардахгүй, Засгийн газар парламентынхаа дээр гарч суухгүй гэж тооцож байгаа бололтой.

Одоогийн Засгийн газарт гаднаас томилогдсон сайд нар улс төрийн бодлогын хувьд ч, салбартаа хүлээн зөвшөөрөгдөх зангарагийн хувьд ч илт жулдаж байна. Сайд гэдэг бол эцэстээ улс төрийн албан тушаал. Тиймээс сайдын албан тушаалд улс төрийн туршлагатай хүнийг л томилох ёстой гэж ихэнх гишүүд үзэж байгаа ажээ.

Эдгээр өөрчлөлтийг хийхдээ "давхар дээл"-ний заалтыг батлагдсан цагаас нь, харин 99 гишүүнийг 2024 оноос дагаж мөрдөхөөр төлөвлөж байгаа ажээ. Ингэснээр одоогийн Засгийн газрын дөрвөөс бусад сайд нар шууд солигдох нөхцөл бүрдэж байгаа юм. Тэдний оронд Ж.Мөнхбат, С.Бямбацогт, С.Батболд, Н.Учрал, Д.Сарангэрэл, Т.Аюурсайхан, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил зэрэг “луйгарууд” ээлжээ хүлээж байгаа гэлцэх болжээ.

УИХ-ын чуулган 16:00 цагаас хуралдана
УИХ-ын чуулган 16:00 цагаас хуралдана
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.