Улсын онцгой комиссын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг онцгой нөхцөлд зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар /2020.03.06-07/ Өмнөговь аймаг, Гашуун сухайт боомтод ажиллалаа.
УОК-ийн гишүүд гааль,тээврийн жолооч нарын төлөөлөл болсон ТББ-ууд болон бусад албаныхан хэрхэн хилийн тээврийг аюулгүй хийх талаар хуралдсан юм. Мөн хилийн ойролцоо 50 хүртэлх хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгээд байгаа бөгөөд хятадын нутагт хил гарч ирэлгүй хоносон тохиолдол жолоочийг шууд тус байранд тусгаарлах юм байна.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Тэрбээр “3 сарын 15-наас хилийн тээвэр эхэлнэ. Үүний өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах хэрэгтэй. Экспорт эхлэхээр жолооч нар Хятад улс руу үдээс өмнө хил гараад үдээс хойш тус улсад хонолгүйгээр орж ирэх, бүгд нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй гараад Монгол Улсын нутагт орж ирээд устган, машинаа бүрэн ариутгалт оруулах зэргээр аюулгүй байдал талаас нь авах арга хэмжээг чанд мөрдөх хэрэгтэй. Ер нь боломжийн хэмжээнд эхнээсээ бэлтгэлээ хангаад явж байна. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлнэ . 3 сарын 30-наас хойш тодорхой хугацаагаар гарч байгаа тээврийн хэрэгслийг нэмэгдүүлэх бас зайлшгүй тохиолдолд хонох хэрэгтэй бол тэр үед нь хуралдаж байгаад зохицуулалт хийсэн нь дээр гэж бодож байна” гэв.
Энэ сарын 15-ны өдөр экспорт эхлэхтэй холбоотойгоор сайд Д.Сумъяабазар УОК-д энэхүү томилолтынхоо талаар танилцуулга хийн холбогдох шийдвэрүүдийг гаргуулах юм байна.
Уулзалтын үеэр “Цагаан хад хөгжлийн гарц” ТББ-ын гүйцэтгэх захирал Н. Адъяацэрэн “Цагаанхад орчмыг 4 сарын нэгэн хүртэл ч юм уу байдал намжтал онцгой бүс болгож өгөөчээ гэж хүсч байна. Тодорхой тооны хүмүүс нэвтрүүлдэг, дурын хүмүүс энд зорчоод, өөрсдөө ирээд машин тэргээр орох гээд эсвэл энэ хавиар янз бүрийн ажил хийх гээд сэлгүйцээд байх нөхцлийг бүрдүүлэхгүй онцгой бүс байгуулах хэрэгтэй байна. Яг тээвэр хийх зөвшөөрөгдсөн компанийн зөвшөөрөгдсөн жолооч нарыг нэвтрүүлнэ гэвэл энд 10-20 мянгаараа хүн цуглахгүй байх гэж бодож байна” гэв.