Олон нийтийн цахим сүлжээнд өөрийгөө Хууль зүйн яамны мэргэжилтэн байна, албаны тэрэгтэй явж байна гэж танилцуулсан иргэн Б.Сэргэлэн тайлбар хийлээ.
Тэрбээр, "Намайг Баатарсүхийн Сэргэлэн гэдэг. Би 2021 оны зургаадугаар сарын 24-ний 20.00 цагийн орчимд Маршалын зам дээр иргэнтэй маргалдаад бухимдсандаа тусгай дуут дохио ажиллуулж, өөрийгөө ХЗДХЯ-ны ажилтан, цагдаагийн байгууллагын ажилтан гэж айлгах зорилгоор хэлсэн. Би ямарваа нэгэн ХЗДХЯ-ны ажилтан, хүчний байгууллагад харьяалагддаггүй. Албаны тэрэг унадаггүй" гэв.
Түүнийг ЦЕГ-аас шалгаж байгаа бөгөөд тухайн иргэний үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.8-д заасан “Зохих журмын дагуу эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөлгүйгээр тусгай дуут болон гэрлэн дохиог тээврийн хэрэгсэлд байрлуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн тул Зөрчлийн тухай хуулийн 14.7.16-д заасан Хуулиар хориглосон тусгай дуут болон гэрлэн дохио суурилуулсан тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж.