Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Амарсайхан: Цар тахлыг өнөөдөр хэзээ, хэрхэн, яаж хэвийн нөхцөлд оруулах нь тодорхойгүй байна

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
4 минут 25 секунд

УИХ-ын чуулганаар коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хуулийн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Ковидын хуулийг үргэлжлүүлж болохгүй. Учир нь Үндсэн хуулийн 19.2-ыг зөрчөөд байна. Тус хуульд онц байдал болон дайны нөхцөл байдалд Үндсэн хуульд зааснаар хүний эрхийн хуулийг хязгаарлаж болно гэж байгаа. Одоо бид зорчих хөдөлгөөн, улс эх орондоо ирэхийг нь хязгаарлах, бизнес эрхлэх, цалин авах гээд хүний эрхийн заалтыг зөрчиж байна. Тиймээс Үндсэн хуулиа зөрчиж болохгүй. Эсвэл онц байдлаа зарла. Үгүй бол гамшгийн хуулиараа яв. Хэрвээ бид Үндсэн хуулиа зөрчдөг бол эрх зүйт төр гэж үгүй болно. Хэдэн хүн дураараа дургидаг төртэй болно. Үүнийгээ зогсоох хэрэгтэй. Төсөв санхүү үнэхээр эмх замбараагүй боллоо. Ирээдүйн өв сан 7 их наяд байх ёстой. Одоо 3 их наяд болсон байна. Үүнийг 2030 он хүртэл зарцуулахгүй гээд хуульчилсан. Одоо даатгалын сан руу орох гэж байна. Энэ ковидын хууль л төсөв санхүүгийн эмх замбараагүй байдлыг бий болгож байна. Тиймээс бусад хуулийн үйлчлэл нь Үндсэн хуулиасаа давчихсан ковидын хуулиа зогсоох хэрэгтэй байна. Энэ бол маш эмх замбараагүй байдлыг бий болгож байна"

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Өнөөдрийн байдлаар 482 иргэн халдварын улмаас амь насаа алджээ. УИХ хүндэтгэл үзүүлэхгүй юм уу. Бусад улс орны Засгийн газар, УИХ парламентын хуралдаан дээрээ хүндэтгэл үзүүлж байгаа. Ганц нэг гишүүн эмгэнэл үзүүлэхээсээ илүү Монгол Улсын парламент босоод хүндэтгэл үзүүлчихмээр байна. Иргэдээс мессеж ирж байна. Иргэд өвдөөд эмээ авч чадахгүй, олдохгүй байна гэж байна. Өнөөдөр гэхэд Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлэг эмгүй гэж байна. Хэнд хандах вэ. Ард түмэнд хэрэгтэй шийдвэр, оновчтой арга хэмжээ авч өгөөч гэнэ. С.Энхболд сайдаа. Б.Жавхлан сайдаа. С.Амарсайхан даргаа.

Мөн ковидын хуулийн хугацааг би дэмжихгүй. Ц.Даваасүрэн гишүүн хэлж байна. Энэ бол Үндсэн хуулийн асуудал. Монгол Улсын их хурал хэвийн горимд ажиллаж чадахгүй 2 жил болж байна. Ард түмний амыг бид барьж байна. УИХ-ын гишүүд бол ард түмний төлөөлөл. Гэтэл хоёр минутад багтааж ярих ёстой. Ердийн үеэс УИХ амаа боомилуулсан"

УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан "Манай зарим гишүүд амьдралд ойр юм яримаар байна. Нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байгаа цар тахлыг хэн ч өнөөдөр хэзээ, хэрхэн горимонд оруулж, хэвийн нөхцөлд оруулах нь тодорхойгүй байгаа. Хоёрдугаарт, манай улсын эрүүл мэндийн тогтолцоо ямар хэмжээнд яаж явсан, хууль дүрмийнх нь үйлчлэл, харилцан уялдаа холбоо нөхцөл байдал нь ямар түвшинд хөгжсөн юм гэдгээ эргээд харах хэрэгтэй. Өнөөдөр Засгийн газар Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг хамгаалахын тулд иргэдээ эрүүл аюулгүй байлгах, амь насыг нь хамгаалах үндсэн үүргээ гүйцэтгээд явж байна. Гэтэл Үндсэн хууль зөрчиж, хүний эрхийг зөрчиж байгаа мэт асуудал огт ярьж болохгүй. Энэ бол туйлын буруу. Хэрвээ энэ хуулийг сунгаж өгөхгүй бол иргэдийнхээ амь насыг аврахгүй ээ гэж байгаатай огт ялгаагүй" гэлээ.

ЭМЯ: Шинээр 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ
ЭМЯ: Шинээр 2366 хүнээс халдвар илэрч, 13 хүн нас баржээ
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.