Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Ариунболд: Ковид туссан эсэхээ шалгуулахаар рентген зураг авахуулах нь олширч байна, энэ нь биед хортой

Ангилал
Нийгэм COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
6 минут 0 секунд

Коронавирусийн халдварын шинж тэмдэг илэрсэн бол юун түрүүнд уушгины рентгин зургийг авахуулахаар хувийн болон дүүргийнхээ эмнэлгийг зорих иргэд цөөнгүй байна. Тиймээс халдвар авсан болон аваагүй иргэн рентген зураг авахуулах шаардлагатай эсэх, рентгин зураг хүний биед ямар хор нөлөөтэй талаар Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дүрс, оношилгооны эмч Т.Ариунболдтой ярилцлаа.

-Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дүрс, оношилгооны хувьд ачаалал хэр их байна вэ?

-Хэвийн байсан үеэ бодвол иргэд ковид туссан юм болов уу гээд цээжний зураг авахуулахаар ирэх нь нэмэгдсэн. Үүнээс болж ачаалал ихэссэн байгаа. Ирж байгаа хүмүүс цээж хөндүүрлэж байна, энд тэнд хатгаж өвдөөд байна гэх шалтгаанаар эмнэлэг дээр ирж байна. Ачаалал их байгаагийн хэрээр оочер, дараалал их үүсэж байна. Энэ бүр дээр хүн хоорондын зайг бариулж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулаад зогсоож байна.

Хоёрдугаарт, ковидын дараах хүндрэл буюу эдгээд гарч ирсэн хүмүүс уушгиныхаа зургийг авахуулахад маш их ирж байна. Өдөрт ойролцоогоор 40 орчим хүн ирдэг байсан бол одоо 50-60 хүн ирдэг болсон. Гэхдээ зөвхөн нарийн мэргэжлийн эмч нараасаа цаг авдаг болсон учраас тоондоо баригдаж байгаа юм. Цээжний зураг голдуу орж ирж байна. Зураглалын хувьд хатгаа болоод хүндэрсэн хүмүүст уушгины хатууралт гэж яригддаг зүйл их ажиглагдаж байгаа.

-Ковидын хүнд хэлбэрээр өвчилсөн хүний уушги рентген зурагт ямар байдалтай харагддаг юм бол?

-Ковидоор хүнд өвчилнө гэдэг нь хатгаа үүсэж байгаа юм. Хатгааны үлдэгдэл нь со+рвижоод эдгэсэн бол рентген зураг дээр хатуурсан юм шиг зураглалтай харагдана. Дийлэнх иргэдийн уушгины зураглал нэлээд өтгөрөөд олширчихсон, яг хатгаа биш зураглалтай ажиглагдаж байгаа.

-Энэ нь мэдээж сүрьеэ өвчний дүр зургаас ялгаатай байх даа?

-Сүрьеэгийн уушгины өөрчлөлт нь дотроо шохойжилт үүссэн зураг ажиглагддаг. Харин ковидын хатгаа нь ихэвчлэн хоёр уушгиийг хамтад нь хавсраад байгаа. Сүрьеэ бол нэг талын уушгины дээд хэсгээр байрладаг бол ковидынх бүх хэсгийг нэлэнхүйд нь хамарсан битүү хатгаа үүсгэдэг. Ямар нэг шинж тэмдэг, зовиургүй байхад санаандгүйгээр орж ирээд зургаа авахуулахад хоёр уушги нь битүү хатгаа болчихсон байдаг. Тэр хүмүүс гараад pcr шинжилгээ өгөхөд ковидын эерэг хариу гарах тохиолдлууд байна.

-Халдварын шинж тэмдэг илэрсэн бол рентген зураг авахуулах нь хэр оновчтой шийдвэр юм бэ?

-Рентген бол өөрөө хортой гэдгийг хүмүүс их сайн мэддэг. Тэгсэн хэрнээ юм л болвол зураг авахуулах гээд байдаг болоод байна. Ковид юун түрүүнд pcr шинжилгээгээр оношлогдоно. Түүнээс биш шууд зургаар батлахгүй. Энэ маань уушгинд хатгаа үүссэн эсэхийг л оношлодог төхөөрөмж юм. Заавал нарийн мэргэжлийн эмчийн заалтаар зураг авахуулах ёстой.

-Хүн жилдээ дээд тал нь хэдэн удаа рентгин зураг авахуулах заалттай байдаг юм бэ?

-Жилд дунджаар гурван тун рентген туяа зураг авахуулахад аюул багатай гэж үздэг. Гэхдээ ойр ойрхон байж болохгүй. Ганц, хоёр сарын зайтай ойр ойрхон зураг авахуулаад байвал бамбай булчирхай, өвчүүний сэрвээ булчирхай, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн бэлгийн булчирхайнууд бүгд цочроод өвдөж эхэлдэг. Энэ нь хавдар ч болох тохиолдол байдаг. Мөн цусны системд нөлөөлөх зэрэг сөрөг талуудтай. Тиймээс олон дахин рентгин зураг авахуулах шаардлага ер байхгүй. Нарийн мэргэжлийн эмч тухайн хүнийг үнэхээр зураг авахуулах шаардлагатай гэсэн үндсэн дээр л зураг авдаг. Гэтэл хүмүүс орж ирээд цээжний зургаа авахуулчхаад гар өвдөөд байна гээд гарны зургаа, хөл өвдөөд байна гээд хөлний зургаа авахуулах гээд байдаг. Энэ бол буруу.

-Дайны хажуугаар дажин гэгчээр сүрьеэ болон бусад халдвар ч мөн оршсоор л байгаа даа?

-Сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа. Энд чинь дан ганц цээжний зураг авдаггүй. Ясны хугарал, дотор эрхтэн, уушгины астма гээд бүх төрлийн зураг авдаг. Өдөрт ковидын шалтгаанаар буюу ковид мөн эсэхээ мэдэх гэж 10 гаруй хүн ирж байна. Сүрьеэгийн үүсгэгч бараг хүн бүрт байдаг талаар яригддаг. Хүний дархлаа унахаар энэ өвчлөл үүсгэгч нь идэвхжиж гарч ирдэг. Тиймээс сүрьеэ өвчин хэзээнээс л байсаар ирсэн. Бид одоо ковид, ковид гээд л яриад байгаа болохоос цаагуур нь сүрьеэгийн өвчлөл байсаар л байна.

-Хэсэгхэн хугацаанд ч болов цаг гарган ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Ярилцлагыг уншиж байгаа хүмүүстээ эрүүл энхийг хүсье.

Ярилцсан: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Цэнд-Аюуш

СУРВАЛЖИЛГА: 40 ортой тасагт өвчтөн, сахиур нийлсэн 100 хүн хэвтэж байна
СУРВАЛЖИЛГА: 40 ортой тасагт өвчтөн, сахиур нийлсэн 100 хүн хэвтэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.