“Эмнэлгийн цэлгэр коридорт бяцхан хүүхдүүдийн уйлах, инээх, хөөцөлдөх чимээ сонсогдож байна. Гал зуух руу алхах зуурт өглөө орой хэзээд ч барби тэврэн зогсох жаахан охинтой үргэлж таарна. Амны хаалт зүүсэн ч нүдээрээ инээх бяцхан үрс. Тэд эмнэлгийн орчныг удаан гэгч нь сонжин харна. Хүүхдүүд халдвараас “зугатаж” чадахгүйгээр үл барам өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг харахад сэтгэл өвтгөм. Хэдхэн өдрийн дотор чимээгүй ноёлдог эмнэлгийн коридорт хүүхдийн чимээ ч тасрахаа болив. Халдвар авч, эмнэлэгт ирсэн хүүхдүүдийн ЗУРАГЛАЛ одоо ч нүдэнд тод” хэмээн эмчлүүлж байсан өдрүүдийнхээ багахан хормыг завгүй байлгахаар бичиж байв. Халдвар авсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд гэх тоог бодит гэдгийг нүдээр харж, мэдэрсэн арван хоног.
Халдварын нөхцөл байдал хүндэрсээр буй энэ үед нийт тохиолдлын 22-30 хүртэлх хувийг хүүхдийн халдвар эзлэх болсон талаар албаныхан мэдээлсээр буй. Тодруулбал, зургаадугаар сарын 23-ны байдлаар 0-18 насны 22578 хүүхэд халдвар авсан. Үүнээс 20223 хүүхэд эдгэрсэн бөгөөд одоогийн байдлаар эмнэлэгт 2355 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Ингэхдээ халдвар авсан хүүхдүүдийн дунд 5-9 насныхан 42.3 хувийг эзэлж байна. Вакцин хийлгээгүй буюу эрсдэлт бүлэгт багтаж буй хүүхдүүдийн дундах халдварын тархалтыг хумьж чадахгүй хэвээр байна. Халдвар авч эмнэлэг бараадах хүүхдүүд ч нэмэгдэх хандлагатай байгаа нь ч нууц биш. Улсын хэмжээнд хүүхдийн тусламж үйлчилгээний хамгийн том эмнэлэг болох ЭХЭМҮТ-д халдварын дөрвөн тасгийг нээж, 83 ор дэлгэсэн ч 147 өвчтөн эмчлүүлж байгаа талаар тус төвийн гүйцэтгэх захирал Ш.Энхтөр хэлсэн юм.
40 ортой тасагт өвчтөн, сахиур нийлсэн 100 хүн хэвтэж байна
ЭХЭМҮТ-д халдварын дөрвөн тасаг нээгдсэний нэг нь хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг. Тус тасаг одоогийн байдлаар 40 ортой байгаа бөгөөд өвчтөн сахиур нийлсэн 100 орчим хүнтэй байгаа аж. Хүүхдийн өвчлөл ихсэж буйтай холбоотойгоор эмнэлгийн ачаалал ч нэмэгдэж байгаа гэнэ.
ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн хүүхдийн тусламж үйлчилгээний тасгийн эмч, АУ-ны доктор О.Солонго “Манай байгууллага нь улсын хэмжээнд тусламж үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа дүүргүүдийн эмнэлгээс хүндэрсэн болон хүндрэх эрсдэлтэй хүүхдүүдийг авч, хэвтүүлж байгаа. Ингэхдээ хавсарсан суурь эмгэгтэй хүүхдүүдийг угтуулах эмчилгээ хийх үүднээс хэвтүүлж байна. Тухайлбал, зүрхний төрөлхийн гажиг, мэдрэлийн эмгэг, мэс заслын эмчилгээ үйлчилгээ шаардлагатай хүүхдүүд гэх мэт. Хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн дийлэнх нь 0-5 насны хүүхдүүд байна. Мөн сүүлийн үед 11-15 насныхан ч хүндэрч ирж байгаа. Улаан бүс рүү бага насны хүүхдийг сахиургүйгээр оруулахгүй шүү дээ. Хүүхэд өвдлөө гэдэг нь ойр хавьд нь халдварын хавьтал байна гэсэн үг. Халдвар авсан хүүхдээ сахиж буй эцэг, эх халдварт өртөх эрсдэл бий. Тиймээс сахиурууд халдвар хамгааллын дэглэмийг ягштал мөрдөх хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр хүүхдүүдийн биеийн байдал харилцан адилгүй тул шинж тэмдгээс шалтгаалж тохирох эмчилгээг хийж байгааг хэлж байлаа.
“Дур мэдэн антибиотик хэрэглэх тохиолдол мэр сэр байна”
Хүүхдийн өвчлөлд насны онцлогоос шалтгаалан янз бүрийн шинж тэмдэг илэрч байгаа аж. Тухайлбал, 0-5 хүртэлх насанд хамраас нус гоожих, хамар битүүрэх, найтаах, бөөлжих, суулгах буюу ходоод гэдэсний хямрал түлхүү илэрнэ. Харин өсвөр насныханд цээж өвдөх, хоолой хорсох, хөндүүрлэх, толгой өвдөх, амьсгал давчдах гэх мэт шинж тэмдэг илэрч байгааг эмч, мэргэжилтнүүд хэлж байна. Тэгвэл ханиад болон коронавирусийн шинж тэмдэг адил байгаад эцэг, эхчүүд санаа зовох боллоо. Харин ханиад, коронавирус хоёрыг хэрхэн ялгах талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн хүүхдийн тусламж үйлчилгээний тасгийн эмч О.Солонго “Шинжилгээ болон тархвар зүйн судалгаа, шинж тэмдгээр нь ялгана. Тухайлбал, ойр тойрны гэр бүлийнхэн дунд халдвартай хүн байгаа эсэхийг хавьтлын шинжилгээгээр мэдэх боломжтой. Мөн нийтлэг илрэх шинж тэмдгээр нь ялгаж болно. Хүүхдэд ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд даруй өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах ёстой. Дур мэдэн антибиотик хэрэглэх тохиолдол мэр сэр байна. Иймээс хамгийн эхлээд өрхийн эмчтэйгээ холбогдож, зөвлөгөө авах нь зөв” хэмээлээ.
Сүүлийн үеийн бүртгэгдэж буй өвчлөлийн 73 хувь нь гэр бүлийн дундах өвчлөл эзэлж байгаа аж. Иймээс хүүхдээ халдварт өртөхөөс хамгаалахад эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага чухал гэдгийг гэдгийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа онцолсон юм.
“Ор нэмэгдүүлэхийн хэрээр хүний нөөцийн асуудал үүсэж эхэлнэ”
Халдварын нөхцөл байдал улам хүндэрч, өдөрт бүртгэгдэх халдварын тоо хоёр мянга давах нь хэвийн үзэгдэл мэт боллоо. Гэвч халдварын тоон үзүүлэлт иргэдийн нүдэн дээр ил байгаа ч эмч, эмнэлгийн байгууллагуудын нөхцөл байдлын талаарх “Бодит зураглал” байхгүй байна. Ингэхдээ эмнэлгийн ор, аппарат, эмч эмнэлгийн байгууллагуудын хүний нөөцийн асуудал яригдах нь зүй. Монголын эх хүүхдийн хамгийн том нэгдсэн эмнэлэг болох ЭХЭМҮТ-д халдвартай хүүхдүүдийг цаашид хүлээн авахад ор биш хүний нөөц дутагдаж болзошгүй гэдгийг хэлж байна.
Гэрээр эмчлүүлж буй иргэд халдварын эсрэг эмчилгээ хангалтгүй, эмийн хүрэлцээ муу байгаа талаар санал гомдлоо цахим сүлжээнд илэрхийлсээр буй. Тэгвэл гэрээр эмчлүүлж буй иргэд эмээ бүрэн авч уухын тулд нэг өрхийн таван гишүүн 200.000- 1.000.000 хүртэлх мөнгөн дүнг халааснаасаа гаргах шаардлага үүсч байгаа юм. Иймд иргэдээ эмээр нь бүрэн хангахгүй юм аа гэхэд ЭМД-аар олгох хөнгөлөлттэй эмийн жагсаалтад Covid-19-ийн эмчилгээнд хэрэглэх эмүүдийг багтаах саналыг олон нийт гаргасаар байна. Тэр дундаа эрсдэл өндөр бүлэг болох хүүхдүүдийн эмчилгээний эмийн зардлыг хөнгөлөх шийдвэр нийгэмд дутагдсаар. Түүнчлэн тандалтын шинжилгээг үнэ төлбөргүй авч байгааг албаныхан мэдээлсэн. Гэвч хавьтал болоогүй мөртлөө шинж тэмдэг илэрсэн эцэг, эхчүүд хүүхдээ шинжилгээнд хамруулахын тулд хувийн эмнэлгийн лабораторыг зорих шаардлага үүссээр байна. Хувийн эмнэлгийн халдвар илрүүлэх шинжилгээ 30.000-120.000 төгрөгийн хооронд төлбөртэй. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан иргэд уух эм, илрүүлэх шинжилгээнийхээ төлбөрт санаа зовинож суухад төр нь цахим орчинг тандаж, наадам ярьсаар суух уу?
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөл вакцины нөлөөгөөр долоо, наймдугаар саруудад халдварын тохиолдол буурна гэх тооцооллыг гаргаж байгаа боловч түүнээс урьтаад хүүхдүүдийн халдварыг хумих, эм хангамж, эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.