БНСУ-ын Засгийн газар Япон улсын иргэдийн визгүй зорчих эрхийг түдгэлзүүллээ.
Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нь Сайд нарын хурлаараа энэ сарын 9-өөс эхлэн БНСУ-ын иргэдийг визгүй нэвтрүүлэх журамаа түр зогсоох, тус улсын иргэдэд өмнө олгогдсон визний хүчин төгөлдөр байдлыг түдгэлзүүлэх, богино хугацааны виз олгохыг зогсоох, тус улсаас нэвтрэн ирсэн иргэдийг хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлах, нислэгийн тоог бууруулах, зэрэг арга хэмжээ авах тухайгаа зарласан байсан юм.
Үүнтэй холбоотойгоор БНСУ-ын Засгийн газар, Гадаад харилцааны яам харамсал илэрхийлж байсан юм. Гэвч тэд ганцхан өдрийн дотор хариу арга хэмжээ авчээ.
БНСУ-ын Засгийн Газар энэ сарын 9-ний өдрөөс эхлэн Япон улсын иргэдийн визгүй зорчих нөхцлийг түдгэлзүүлж, өмнө нь авсан байсан визний хүчин төгөлдөр байдлыг зогсоож байгаагаа мэдэгдлээ. Мөн Япон улсад аялах аялалыг анхааруулах 2-р зэрэглэл болох "хязгаарлах түвшин" руу ахиулав.
БНСУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Жу Сэ Ён 6-ны өдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр энэхүү арга хэмжээний талаар мэдээллээ. Тэрбээр "Бид Япон улсын иргэдэд виз олгохдоо тэдний эрүүл мэндийн байдлыг шалгах ба нөхцөл байдлаас шалтгаалж эрүүл мэндийн шинжилгээний сертификатыг мөн нэмж авах болно.Энэ сарын 9-ний өдрөөс эхлэн Япон улсаас хил нэвтэрч байгаа бүх гадаад иргэдийг "Нэвтрэн орох тусгай арга хэмжээ"-нд хамруулна" гэв. Энэ нь Япон улсаас ирж буй бүх гадаад иргэдийн хувьд тусад нь халдваргүйжүүлэлт ариутгалын арга хэмжээнд хамруулж, халуун хэмжих үзлэгийг чангатгана гэсэн үг юм.
Түүнчлэн Японы нисэх онгоцнуудыг Инчон, Кимпо, Кимхэ, Жэжүгийн нисэх буудлуудаас сонголт хийж буулгах арга хэмжээг удахгүй авахаа мэдэгдлээ.
эх сурвалж: donga.com