Түлхүүр мэдээлэл:
- Фейсбүүк компанийн ажилтанд коронавирусын халдвар илэрчээ.
- Фейсбүүк компани гуравдугаар сарын 13-ныг хүртэл гэрээсээ ажиллах чиглэлийг ажилтнууддаа өглөө.
Өчигдөр буюу баасан гаригт Фейсбүүк компанийн ажилтанд коронавирусын халдвар илэрсний улмаас тус компани Сингапур, Лондон дахь салбаруудаа хааснаа зарлажээ.
Тодруулбал, Сингапур дахь салбарын ажилтнаас өчигдөр Covid-19 вирусийн халдвар илэрсэн байна.
“Бид халдвар илэрсэн газрыг даруй хааж, цэвэрлэгээ ариутгалын ажил эхлүүлсэн бөгөөд гуравдугаар сарын 13-ныг хүртэл гэрээсээ ажиллах чиглэлийг ажилтнууддаа өглөө” гэж Фэйсбүүк компанийн мэдэгдэлд өгүүлжээ.
Халдвар авсан ажилтан нь хоёрдугаар сарын 24-нөөс 26-ны хооронд тус компанийн Лондон хот дахь салбарт зочилж байсан ажээ.
Тиймээс Лондон хотын оффисыг Даваа гараг хүртэл бүрэн хааж, ариутгалын арга хэмжээ авахаар болсон байна.
Фэйсбүүк компани Шанхайн салбар оффисоо тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа. Мөн Итали, Өмнөд Солонгосын салбарынхаа ажилтнуудад гэрээсээ ажиллах зөвлөмж хүргэсэн байна.
Сүүлийн үед АНУ дахь нөхцөл байдал муудаж эхэлсэн тул Сан Франциско хотын оффистоо мөн Баасан гарагаас эхлэн гэрээс ажиллах арга хэрэгжүүлж эхэлжээ.
Дэвсгэр мэдээлэл: Шинэ төрлийн коронавирусийн халдвараар өнөөдөр дэлхий даяар 100,000 гаруй хүн өвчилж, 3,400 орчим хүн нас бараад байна. Сингапур хот улсад өчигдөр халдварын 13 шинэ тохиолдол илэрсэн нь нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол болжээ. Өмнөх дээд үзүүлэлт нь хоёрдугаар сарын 14-нд бүртгэгдсэн есөн тохиолдол байв. Сингапурт сүүлийн байдлаар нийт 130 хүн халдвар аваад байгаагаас есийнх нь биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээ хийлгэж байгаа юм. Харин Их Британид өчигдрийн байдлаар нийт халдвартай хүмүүсийн тоо 163 хүрсэн байна.
Эх сурвалж: AFP