Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК: Халдвар авсан сурагчид ЭЕШ өгөх бүрэн эрхтэй

Ангилал
Нийгэм COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
4 минут 1 секунд

Цар тахлын үед зохион байгуулагдахаар төлөвлөөд буй элсэлтийн ерөнхий шалгалтад коронавирусийн халдвар авсан сурагчид шалгалт өгөх боломжгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн. Уг мэдээллийг энд дарж уншина уу. Энэхүү асуудал нь хүний эрхийг зөрчиж байгаа бөгөөд УИХ-ын нэр бүхий гишүүдийн зүгээс БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд асуудлыг шийдвэрлэх шаардлага хүргүүлсэн. Тэгвэл энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байр суурийг сонсохоор ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдтой ярилцлаа.

-Коронавирусийн халдвар авсан сурагчид ЭЕШ-д оролцох боломжгүй нөхцөл байдал бүрдээд байна. Энэ тал дээр ХЭҮК-оос ямар байр суурьтай байна вэ?

-Хүний эрхийн Үндэсний Комиссоос ахлах ангийн сурагчид сургуулиа төгсөөд элсэлтийн ерөнхий шалгалтад орох эрхийг нь хангах ёстой гэсэн байр суурьтай байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд сурч боловсрох эрхтэй гэж заасан. Энэ эрх нь бүрэн дунд боловсрол эзэмших, түүнийхээ дараа дээд боловсролын байгууллагад шилжих, эдгээртэй холбоотой боловсролын үйл ажиллагаанд тасралтгүй оролцох эрх юм. Нөгөө талаасаа энэ нь хүний ажил мэргэжлийг сонгох эрхийг мөн хөндөж байгаа учраас ХЭҮК-оос ямар нэгэн зохион байгуулалтын арга хэмжээ авч халдвар авсан сурагчдыг ЭЕШ-д нь оруулж их, дээд сургуульд элсэн суралцуулах бололцоогоор хангах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Мэдээж ХҮЭК-оос гарц гаргалгааг тогтоохгүй. Гэхдээ шийдвэр гаргах газарт өгөх зөвлөмж бий юу?

-Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам тодорхой судалгаа гаргах хэрэгтэй. Яг хэдэн сурагч ЭЕШ-д оролцох боломжгүй нөхцөл байдал үүссэн бэ гэдгээр. Хоёрдугаарт, эдгээр сурагчдын халдвар авсан болоод авсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоогоод хэдэн хоногийн хугацаанд тусгаарлагдаад хэдэн хоногийн дараа шалгалт авч болохоор байгааг тооцоолж гаргах ёстой. Үүний дараа үе шаттайгаар ЭЕШ-ыг зохион байгуулах боломжийг судалж сурагчдын сурч боловсрох эрхийг хангах нь зүйтэй юм. Нөгөө талаасаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.6-д зааснаар халдвар авсан, авсан байж болзошгүй иргэнийг ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхаж эрхийг нь хязгаарлаж болохгүй гэж заасан байдаг. Тэгэхээр халдвар авсан гэдэг үндэслэлээр сэжигтэй байж болзошгүй гэдэг байдлаар хүний сурч боловсрох эрхийг хязгаарлаж болохгүй.

-БШУЯ, ЭМЯ-нд энэ талаар албан ёсны шаардлага хүргүүлсэн үү?

-Одоогийн байдлаар ямар нэгэн шаардлага хүргүүлээгүй байна. БШУ-ны яамнаас ямар шийдвэр гарахыг харна. Энэ талаар албан тушаалтнууд судалж байгаа, тодорхой хариуг өгнө гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Мөн УИХ-ын нэр бүхий гишүүд тус яамд шаардлага хүргүүлсэн байсан. Эдгээрийг харж байгаад энэ асуудал дээр арга хэмжээ авна. Хүний эрхийн Үндэсний Комисс өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхлээд БШУ-ны яаманд хүний сурч боловсрох эрхтэй холбоотой хэд хэдэн зөвлөмжүүдийг хүргүүлсэн. Эдгээрт ковидийн үед хүний сурч боловсрох эрх зөрчигдөхгүй байх, тасалдахгүй байх болон сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх гэсэн агуулгын хүрээнд зөвлөмжүүдийг хүргэсэн.

Машинаараа ус цацсан, шахсан гэх шалтгаанаар маргалдаж, хоорондоо зодолджээ
Машинаараа ус цацсан, шахсан гэх шалтгаанаар маргалдаж, хоорондоо зодолджээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.