Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг долоодугаар сарын 1-нээс 4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар болсон. Цар тахлын үед зохион байгуулагдахаар төлөвлөөд буй ЭЕШ-ын бэлтгэл ажил болоод хэрхэн яаж зохион байгуулах түүнчлэн халдвар авсан сурагчид хэрхэн шалгалт өгөх талаар Боловсролын Үнэлгээний Төвийн элсэлтийн шалгалт хариуцсан хэлтсийн дарга М.Болдсайханаас тодрууллаа.
-Энэ жил хэдэн сурагч Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-Энэ жил нийт 40423 хүн Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл зохион байгуулаад тавдугаар сарын 20-нд суудлын хуваарийг зарласан байгаа. 30 багш хичээл бүр дээр ажиллаж, шалгалтын материалыг утасны сүлжээгүй газар тусгаарлагдан цагдаагийн хамгаалалт дор бэлтгэж байна. Өндөр нууцлал бүхий сэдэв, даалгавруудыг Тагнуулын Ерөнхий газрын тусгай шуудангийн албанд хүлээлгэж өгдөг. Тусгай шуудангийн алба нь материалуудыг шалгалтын байр бүрт хүргэх ажлыг зохион байгуулна.
-ЭЕШ эхлэхэд 10 гаруй хоног үлдлээ. Бэлтгэл ажил аль шатандаа явж байгаа вэ?
-Шалгалтыг долдугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Халдвар хамгааллын дэглэмийг баримталж шалгалтыг зохион байгуулна. Эрүүл Мэндийн Яам, Улсын Онцгой Комиссоос гаргаж байгаа заавар, зөвлөмжүүдийг чанд сахина. Тухайн шалгалтын байранд ажиллах бүх хянагч багш, комиссын гишүүд болон шалгалт өгөх хүүхдүүд бүгд амны хаалт зүүх, анги танхимыг халдваргүйжүүлэх цэвэрлэгээ хийх, агааржуулах гэх мэт ажлууд нарийн төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Шалгалтын байр бүрт хоёр ангийг тусгайлан бэлдсэн байгаа. Энэ нь магадгүй коронавирусийн халдварын өвчлөлийн ямар нэгэн шинж тэмдэг илэрсэн хүүхдийг тэр ангид тусгаарлан хамгаалалтын хувцастай хяналт багш зохион байгуулж, шалгалтын дараа тухайн харьяалагдах аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвийнхөнд мэдэгдэж, шинжилгээ хийнэ.
-Халдвар аваад эдгэсэн, магадгүй яг тухайн үед эдгэж амжаагүй сурагчид яах вэ?
-Яг энэ өвчнөөр халдварласан, анхны хавьтал болсон хүүхдүүд шалгалт өгөх, эсэх талаар хүмүүс их асууж байна. Энэ бол Боловсролын Үнэлгээний Төвөөс давсан асуудал юм. Өөрөөр хэлбэл, УОК-оос тухайн хүүхдийг коронавирусийн халдвараар өвчилсөн эсвэл нэгдүгээр хавьтал болсон бол тусгаарлана гэсэн шийдвэр гаргасан байхад БҮТ-өөс тэдгээр хүүхдүүдийг шалгалтад оруулахыг уриалах, шалгалт өгөхийг шаардах нь зохимжгүй зүйл. Тиймээс БҮТ энэ асуудалд оролцохгүй. Шалгалтын үеэр гэнэт шинж тэмдэг илрэх тохиолдолд бид шалгалтад аль болохоор оруулахыг хичээнэ. Мэдээж шалгалтын байр болгонд эмч, эмнэлгийн ажилтан, үйлчлэгч нарын баг ажиллана.
-Тэгэхээр шалгалт зохион байгуулах өдрүүд буюу долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд халдвар авсан эсвэл нэгдүгээр хавьтал болсон хүүхдүүдийг шалгалтад оруулах боломжгүй гэж ойлгож болох уу?
-Өвчний шинж тэмдэг илрээд хүрээд ирвэл тусгай ангид шалгалтыг авна. Хэрэв УОК болон тухайн аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвөөс хүүхдийг тусгаарлах арга хэмжээ авбал, улаан бүс рүү хянагч багш болон бусад ажилчид орж болохгүй, хүүхдийг ирүүлэх боломжгүй бол зайнаас буюу онлайнаар авах боломжгүй.
-Шинж тэмдэг багатай, биеийн байдал хөнгөн ч гэлээ эмнэлэгт хэвтэж байгаа бол шалгалт өгөх боломжтой юу?
-Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхэд эмнэлгээсээ гарч болохгүй л гэсэн бол боломжгүй.
-Хэрэв хүүхэд халдварт өвчин туссаны улмаас шалгалтад оролцож чадалгүй жил алдан, гомдол гаргавал хэн хариуцлага хүлээх вэ?
-Тухайн хүүхэд өөрийн харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн төвд өргөдлөө өгөөд цаад газраас нь эмнэлгийн магадлагаа гаргаж өгвөл шалгалтад оролцох боломжтой. Тиймээс манай хүүхдүүд, багш нар бүгд энэ аюулт өвчнөөс сэргийлэх, халдвар хамгааллаа сахих ажлыг зохион байгуулах ёстой. ЭЕШ жилд нэг удаа зохион байгуулагддаг. Энэ өвчнөөс болж хүүхэд хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүйд хүрвэл хувь хүний хариуцлагын тухай яригдахаас өөр арга байхгүй.