Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сурвалжилга: Уншигч олны цангааг тайлсан урин цагийн “Номын баяр“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 44 секунд

Энэ сарын 11-13-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор "Илүү их уншъя" уриатайгаар 29 дэх удаагийн номын баярыг Сүхбаатарын талбайд болж байна. "Номын соёлт ертөнц ТББ"-аас 15 дахь жилдээ зохион байгуулж буй номын баярыг сурвалжлахаар манай редакцын сурвалжлах баг Сүхбаатарын талбайг зорилоо.

Уншигч, зохиолч хоёрыг жилдээ хоёр удаа учруулдаг тус баярын энэ хаврын тов халдварын улмаас хойшилсон нь уншигчид болон зохиолчдын уулзах хүслийг улам бүр дэвэргэсэн гэлтэй хүүхдийн баяраар дүүрээгүй талбай номын баяраар олны хөлд дарагджээ.
Баярыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр,
“Коронавирус (КОВИД-19)-ын халдварт цар тахлын амаргүй нөхцөл хэдий ч ном, соёлын зүтгэлтнүүдийн хүсэлтээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж энэхүү номын баярыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Нөгөөтэйгүүр, амьдрал ахуйд тусаж буй цар тахлын бараан сүүдрийг номын гэрлээр гийгүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн. Номын баярт оролцогч Та бүхэн халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлаарай” хэмээн уриаллав.

Бид энэ удаагийн сурвалжилгаараа ном эмхэтгэсэн, ном орчуулсан, ном зохиосон гурван эрхэмтэй уулзан тэдний бүтээлийн дээжсийг онцлов. Их зохиолч С.Дашдооровын дурсамж хууч ярианаас бүрдсэн “Амин хууч” номын нээлт болж буйг тохиолдуулан түүний хүү Д.Гэрэлтөвтэй хэсэг ярилцав. Номыг эмхэтгэсэн С.Дашдооров абугайн хүү Д.Гэрэлтөв,
"Тэр үеийн хүмүүс, ялангуяа зохиолч нар нэгнийхээ гэрээр, ажлынхаа өрөөгөөр их зочилж, орж гардаг байж. Тэгэхдээ зохиол бүтээлээ голцуу ярьж, хууч хөөрдөг байсан байна. Тэр үед аав маань зохиолчдын хууч яриаг өврийнхөө дэвтэр бичиж тэмдэглэсэн юм билээ. Бид түүнийг нь аавыгаа өнгөрсний дараа гурван өврийнх нь дэвтрийг уншиж үзээд анх 2000 онд "Элдэв учрал" нэртэйгээр хэвлүүлж байсан юм. Одоо түүнийгээ илүү сайжруулан, зургаар баяжуулаад шинэчилж байгаа нь энэ.

Дотор нь 50 гаруй хүний 120 гаруй хууч яриа багтсан байгаа. Энэ номын онцлогийн хувьд аавын маань өмнөх номнууд үргэлж бүтээл байсан бол энэ маань дотнын зохиолч, найз нөхдийнхөө хууч яриаг тэмдэглэж үлдээснээрээ онцлог. Жишээлбэл, С.Эрдэнэ гуай, найруулагч Б.Балжинням гуай зэрэг олны танил, уншигч үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан хүмүүсийн хууч ярианууд бий. Албаны бус, илүү чөлөөтэй зарим нь наргиан хөгжөөнтэй эсвэл ухаарал өгөхүйц, мэдээлэл өгөхүйц үнэтэй хууч ярианууд юм" гэв.

Бидний дараагийн уулзсан эрхэм бол Кавабата Ясүнаригийн "Мянган тогоруу" зохиолыг орчуулагч, Олон улс судлалын доктор, П.Наранбаяр юм. Тэрбээр,
""Мянган тогоруу" бол 1950 оны эхэн үед бичигдсэн зохиол. 1968 онд Утга зохиолын шагналыг Кавабата Ясүнариг авахад дурдагдсан гол гурван зохиолынх нь нэг нь юм. Энэ бүтээл бол Японы уламжлалт цайны ёслол, амьдралын хэв маягаар дамжуулан хүмүүсийн дотоод сэтгэлийг илэрхийлсэн бүтээл юм. Утга зохиолын хувьд энэ бүтээл их өндрөөр үнэлэгддэг. Үйл явдал хайсан уншигчдад тиймхэн санагдаж магад. Үйл явдал бий л дээ, түүн дээрээс нэмээд хүмүүсийн дурсамжууд, захидал хэлбэрээр хүний дотоод сэтгэлийг тайлж, “урж” бичсэн айхтар бүтээл байгаа юм. Дарма Батбаяр багш энэ зохиолыг Орос хэл дээр уншаад таалагдсан учраас надад “Үүнийг орчуулбал зүгээр юм” гэж надад хэлж байсан юм" гэв.

Амны хаалтны араас инээмсэглэл нь харагдахгүй байсан хэдий ч гартаа ном тэврэн нүд нь гэрэлтсэн хүмүүс асраас асар дамжин талбайг нар зөв тойрон явахыг харахад номын соёлыг түгээгч цуваа гэлтэй.

Хувь хүний хөгжил талаас залуусын сонирхлыг ихээр татаад буй "Санаанаас сая долларын стартап" номын зохиолч В.Баярсайхантай уулзаж, энэ удаагийн номын баярын онцлогийн талаар болоод түүний номын талаар хэсэг ярилцав. Тэрбээр,
"Энэ номыг маань хүмүүс бизнесийн ном гэж ойлгоод байдаг. Яг үнэндээ би бизнесийн ном бичээгүй. Энэ бол цэвэр хувь хүний хөгжил, ялангуяа орчин цагт залуус ямар ч мэргэжилтэй байлаа гэсэн entrepreneur сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Багш, инженер, зураач аль нь ч байлаа гэсэн үргэлж шинийг илэрхийлэгч, асуудлуудыг хараад түүнийг шийдвэрлэх ур чадвартай байх ёстой. Тийм учраас ямар ч насны ямар ч мэргэжилтэй хүн уншсан маш энгийн үгээр бичсэн, гол нь Монголын хөрсөн дээр буусан тийм онцлогтой ном байгаа гэв. Түүнээс номын баярын сэтгэгдэлийг сонсоход, Би анх удаа зохиолчоор оролцож байна. Өмнө үргэлж уншигчаар оролцлог байсан. Маш сайхан баяр болж байгаа мэдрэмж төрдөг юм байна. Залуус мэдлэгт их дурлах болсон байна. Хувь хүний хөгжлийн талаар залуусын энерги нь илт мэдрэгдэж байна" гэв.

Гартаа ном тэвэрсэн иргэдээс сэтгэгдэл сонсох нь шинэ жилийн баяраар өвлийн өвгөнөөс бэлэг хүртсэн бяцхан хүүхдийн яриа мэт аз жаргалаар дүүрэн байв. Иргэн Б.Урангуа,
"Жил ирэх тусам номын баярын зохион байгуулалт сайжирч байгаа нь мэдрэгдэж байна. Хэвлэлийн газрууд хаана байршиж байгааг хаягнаас нь хараад олоход хялбар байна. Хөл хорионоос болж болох ёстой хугацаанаасаа хойшилсон учраас их хүлээлттэй байлаа. Залуус ном унших нь элбэг болсонд номын баяр тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэж харж байна" гэв.

Түүний адил бас нэгэн эмэгтэй, "Залуус хувь хүний хөгжил талаасаа өөртөө их анхаардаг болоод байна. Англи хэл дээр ном уншдаг болсон байна. Номын баярын хувьд бүх төрлийн ном нэг дор цуглачихаар их амар байгаа юм" гэв.

Номын баярын сурвалжилга энд хүрээд өндөрлөж байгаа хэдий ч баяр дуусахад амралтын хоёр хоног үлдээд буй. Номын хорхойтон хэн бүхний баяр өнөөдөр болон маргааш төв талбай дээр үргэлжлэх учир завгүй амьдралын тэг дундуур амралтын хоёр өдрийнхөө хоёр цагийг зарцуулан номын баярын асруудаар ороод гараарай гэж манай редакцын зүгээс уриалж байна.

Сурвалжилсан: Б.Амарбаясгалан

Гэрэл зургийг: Г.Жавхаатөгөлдөр

Ц.Ганзориг: Хатуу хөл хорио тогтоохгүй
Ц.Ганзориг: Хатуу хөл хорио тогтоохгүй
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.