Хорих ял сонссон П.Батчулуун эмчийг чөлөөлөхөөр ажиллаж буй талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл өчигдөр мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх үеэр П.Батчулуун эмчийг Эрүүл мэндийн салбар зөвлөлөөр ёсзүйн алдаа гаргасан эсэхийг шалгахгүйгээр шууд Эрүүгийн хуулиар хорих ял оноох нь буруу гэх байр суурийг илэрхийллээ.
--------------------------
Мэдээллийн эхэнд Хавдар судлалын үндэсний төв 2018 оноос хойш элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 200 орчим хүнд хийсэн талаар дурдав. Энэ талаар тус төвийн Элэг цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэх төвийн мэс заслын эмч: ХСҮТ нь 2018 онд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай эхлүүлснээр Монгол Улс дахь албан ёсны хоёр дахь элэг шилжүүлэн суулгах төв болсон. 2018 оноос хойш 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 200 орчим хүнд энэ төрлийн мэс заслыг хийсэн. Үүнээс 12 тохиолдолд буюу тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал нь анх манай төв дээр 2019 оноос хойш хийж нийт 12 тохиолдол хийгдээд байна гэлээ.
Дараа нь тархины үхэлтэй донор ба эрхтэн шилжүүлэх мэс заслын талаар ХСҮТ-ийн Элэг цөс, нойр булчирхайн мэс засал, эрхтэн шилжүүлэх төвийн мэс заслын эрхлэгч н.Үнэнбат мэдээлэл өглөө. Тэрбээр,
- Монгол Улсад тархины үхэлтэй донорын баг тодорхойлогдож үндсэн үйл ажиллагаагаа явуулаад ХСҮТ 12 тархины үхэлтэй донороос 12 хүнд амжилттайгаар элэг шилжүүлэн суулгасан байгаа. Энэ буянтай үйл ажиллагааны нэгээхэн хэсгийг өнөөдөр эмнэлгийн ажилчид, иргэдийн буруу ойлголтоос болж талцуулсан нөхцөл байдал үүсгэж байгаад та бүхнээсээ албан ёсны уучлал хүсэж байна.
Ер нь иргэдийн дунд буруу ойлголт ямар нэгэн байдлаар зам тээврийн ослоор гэнэтийн ослын улмаас хүн ухаангүй байхад зөвшөөрөлгүйгээр эд эрхтэнийг нь авч наймаалцдаг юм биш биз гэсэн буруу ойлголт нийгмийн сүлжээнд өргөн тархаад байгаа.
Үүний талаар товчхон мэдээлэл өгөхийг хичээе. Ухаангүй буюу комд амьсгалын аппаратад байгаа өвчтөн, нөгөөталд тархины үхэлтэй болж буй өвчтөн хоёрын хооронд гаднаас нь энгийн хүн харахад адилхан л амьсгалын аппараттай мэт харагддаг. Гэтэл комд буй хүн ямар нэгэн байдлаар эмийн эмчилгээ хийгдэж шокын байдал нь хэр хугацаанд үргэлжлэхээс шалтгаалан сэргэх боломжтой байдаг. Үүнийг мэдрэлийн, зүрх, унтуулгын зэрэг бүх эмч үзэж эмчилгээг үргэлжлүүлдэг.
Харин тархины үхэлтэй донор нь комд байх үедээ тархины эргэлт эргэшгүй өөрчлөлтөд орж хүний тархи болон зүрх амьсгалаас ангидаар үхждэг. Энэ тохиолдолд хүний зүрх ажиллаж байдаг. Харин зүрх, тархи хоорондоо мэдээлэл солилцдоггүй бөгөөд хүний тархи үхжээ гэх мэдээллийг зүрх авдаггүй учраас ажиллаж байдаг. Иймд цусан хангамжаар хүнийг хангаж амьсгалын аппаратад амьсгал, зүрхний үйл ажиллагаа хэвийн үргэлжилдэг боловч тархи бүрэн үхжиж хэзээ ч эргэж сэргэхгүй болсон тохиолдол гардаг.
Энэ үеэс үргэлжлүүлэн тархины үхэлтэй донорын баг тархины үхлийг зарлаж энэ үед Монгол Улсын Эрүүл мэндийн хөгжлийн төвийн П.Батчулуун даргаар ахлуулсан тусгай мэргэжлийн эмч нар очиж өвчтөн болон ар гэрийнхэнтэй нь уулзаж нарийн мэргэжлийн бүх эмч нартай уулзаж өмнөх бүх шинжилгээг үндэслэж донор болох уу, үгүй юу гэдгийг тодорхойлдог. Энэ процесс нь өөрөө маш хэцүү. Ялангуяа П.Батчулуун даргын албаныханд маш хүнд үе тохиодог.
Ар гэрийнхэнтэй нь уулзах уулзалтуудыг маш богино хугацаанд уулзах шаардлагатай байдаг. Хамгийн сүүлд тархины үхэлтэй нэг донор гарч элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. Хоёр хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн. 11 хүнд шөрмөс болон үе шилжүүлэн суулгах хагалгаа хийж нийт 14 хүний амь насыг аварсан. Жишээ нь, хамгийн сүүлийн тохиолдолд 2024 оны тэддүгээр сарын тэдний өдөр над руу залгаад багууд бэлэн байгаарай, тархины үхэлтэй донор гарч байх шиг байна шүү гэдэг мэдээ ирсэн. Мэдээ ирснээс цагийн дотор эргээд харахад 120 дуудлага хийгддэг. Өнөөдөр элэг шилжүүлэн суулгах бүх баг төлөөллөөрөө байна. Мэдээ ирснээс хойш 60-80 гаруй хүн зэрэг үйл ажиллагаа эхэлдэг. Процес болоход эс эд эрхтэн шилжүүлэн суулгах баг ажиллаж байгаа. Үүний нэг төлөөлөл болгож муу мэдээг түгээж ар гэрийнхэнтэй нь уулзаж үнэн мөнийг тайлбарлаж ямар буянтай ажил хийх гэж байгаа олон хүн аврах тухай процесс тайлбарладаг нэг хүн нь манай П.Батчулуун эмч байгаа юм. Ямартай ч одоогийн нөхцөлд нийгмийн сүлжээнд нэг хүнийг буруутгаж, нэг хүн рүү л дайрч байгаа болохоос биш багийн ажил байдаг. Ганцхан эмч биш нижгээд эмнэлгийн багийн ажиллагаан дээр эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа хийгддэг. Тиймээс та бүхэнд нэг хүний асуудал яриагүй шүү, бид Монгол Улсад эс эд эрхтэн шилжүүлэн суулгахад оролцдог эмч, сувилагч эмнэлгийн ажилчдыг бүгдийг нь яллаж байгаатай ойролцоо харагдаж байгаа шүү.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!