БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр салбарынхаа асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр "Боловсролын зээлийн сангийн /БЗС/ төсвөөр хүүхдийн 100 мянган төгрөгийг санхүүжүүлж байгаа"-г дуулгав. Тодруулбал, "Боловсролын зээлийн санд жилд 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байдаг ч Covid-19 халдвартай холбоотойгоор эдийн засгаа дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2021 онд хүүхдийн 100 мянган төгрөгт татагдсан. Ингэснээр 2020-2021 онд батлагдсан төсвийн 11 тэрбум төгрөг нь Боловсролын зээлийн сангаас татагдсан. Ийнхүү санхүүжилт танагдаж, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр онооны тэтгэлгээр суралцдаг болон гадаадад сурдаг хүүхдүүдийн сургалтын төлбөрийн санхүүжилт хасагдсан.
Гэсэн ч бид буцалтгүй тусламжаар суралцдаг 6000 орчим оюутанд 5.6 тэрбум төгрөг буюу шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэж олгохоор болсон. Тэтгэлэг төлөгдөөгүй байгаа оюутнуудад сургуулийн зүгээс ямар нэгэн дарамт үзүүлж, диплом барьцаалахгүй байхыг хүссэн мэдэгдэх хуудсыг явуулсан байгаа" гэлээ.