Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бээжин хотын иргэдийг өнгийн QR кодын системээр хорио цээрийн дэглэмд хамаарах эсэхийг таньж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 9 секунд


ДЭМБ-ын шинжээчид БНХАУ-д 9 хоног ажиллаж, 40 хуудас бүхий тайлан гаргажээ.

Тус тайланд:

  • БНХАУ-д гарсан өвчний голомтын 75-85 хувь нь гэр бүлийн гишүүд дунд агаар, дуслын замаар ойрын зайнаас халдварлаж тархсан байна. Вирус агаарт дэгдэж зайнаас халдсан тохиолдол бага. Халдвар авсан 2055 эмнэлгийн ажилтны ихэнхи нь гэртээ эсвэл Ухань хотод эмнэлгийн хорио цээрийн дэглэм чангараагүй байхад өвчилсөн.
  • Вирусийн халдвар авсан хүмүүсийн 5 хувь нь амьсгалын аппаратад орсон. Мөн 15 хувь нь өтгөрүүлсэн хүчилтөрөгч удаан хугацааны турш хэрэглэсэн. Хүнд өвдсөн хүмүүсийн хувьд өвчин авснаас эдгэрэх хүртэлх дундаж хугацаа 3-6 долоо хоног, харин хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүсийн хувьд 2 долоо хоног байна.
  • Долоо хоногт 1.6 сая ширхэг оношлуур үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Шинжилгээний хариу өдөртөө гарч буй. Орон даяар халуунтай хүн бүрийг шинжилгээнд хамруулж байна. Тухайлбал, Ухань хотоос хол орших Гуандун мужид 320 мянган хүнийг коронавирусийн шинжилгээнд хамруулсны 0.14 хувиас халдвар илэрсэн.
  • Шинж тэмдэггүй, зовиургүй өвчилсөн хүн ховор бөгөөд тэдгээрийн дийлэнхээс цөөн хоногийн дараа шинж тэмдэг илэрсэн байна.

Өвчний түгээмэл шинж тэмдэг дараах байдлаар илэрснийг тайланд онцолжээ:

  • халуурах (88%),
  • хуурай ханиалгах (68%),
  • бие сульдах (38%),
  • цэртэй ханиалгах (33%),
  • амьсгаа давчдах (18%),
  • хоолой өвдөх (14%),
  • толгой өвдөх (14),
  • булчин өвдөх (14%),
  • бие зарайх (11%),
  • бөөлжих (5%),
  • хамар битүүрэх (5),
  • гүйлгэх (4%).

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш болно.

БНХАУ-д халдвар авсан 44672 хүнд явуулсан судалгаанаас үзвэл нас баралтын хувь 3.4 байна. Нас баралт нас, хууч эмгэг, хүйс, нэн ялангуяа эмнэлгийн тусламж үйлчилгээний чадавхиас ихээхэн хамааралтай нь ажиглагдав.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд халдвар авсан хүмүүсийн 20 хувь нь олон хоног хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан. Хөгжингүй орнуудад нийт хүн амын 0.1-1.3 хувь нэгэн зэрэг эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх боломжтой байдаг бол энэ үзүүлэлт Хятадад 0.4 хувь байв. Харин тухайн цаг үед эмнэлгийн ихэнхи орыг өөр өвчнөөр өвдсөн хүмүүс эзэлж байсан учир хүндрэл үүссэн.

Халдварын голомтыг “түрэмгий” байдлаар тогтоон барьж хүнд өвчилсөн хүмүүсийн тоог аль болох доод хэмжээнд байлгах, халдварын үед эмнэлгийн ор, боловсон хүчний тоог нэмэгдүүлэх чухал шаардлагатай.

Халдвар авсан хүмүүсийн хууч эмгэг: Халдвар авсан зүрх судасны хууч өвчтэй хүмүүсийн 13.2 хувь нь нас барсан. Цусан дахь сахарын түвшин өндөр буюу чихрийн шижин өвчтэй хүмүүсийн нас баралтын хувь 9.2, цусны даралт ихдэх өвчтэй хүмүүсийнх 8.4, амьсгалах эрхтний хуучтай хүмүүс 8, хорт хавдартай хүмүүс 7.6 байв. Харин ямар нэг хууч өвчингүй хүмүүсийн 1.4 хувь нь нас барсан.

Нас: Судалгаанаас үзэхэд нас залуу байх тусам өвчний халдвар авах, хүнд өвдөх магадлал бага.

Хүйс: Халдвар авсан хүмүүсийн хүйсийн ялгаа бага. Харин халдвар авсан эмэгтэй хүмүүсийн 2.8 хувь нь нас барсан бол энэ үзүүлэлт эрэгтэй хүмүүст 4.7 хувь байна. Жирэмсэн эхчүүд хүнд өвдөггүй. Нийт 9 эхийг мэс заслын аргаар төрүүлэхэд нярай эрүүл, халдваргүй төрсөн.

Вирус нь генийн хувьд сарьсан багваахайд байдаг коронавирустэй 96 хувь, харин панголинд байдаг мөн төрлийн вирустэй 86-92 хувь ижил. Иймд вирус мутацид орж амьтнаас хүнд халдварлан шинэ төрлийн вирус үүссэн байх магадлал хамгийн өндөр.

Вирусийн халдварыг тогтоон барихад эергээр нөлөөлсөн чухал хүчин зүйл бол халдвар авсан хүн бүрээс асуумж авч, хань харилцааг тогтоон шинжилгээнд хамруулсан явдал. Одоогийн байдлаар тус бүр нь 5 хүний бүрэлдэхүүнтэй 1800 баг Ухань хотод ийм үйл ажиллагаа явуулж байна. Халдвартай хүнтэй шууд харьцсан бол өвчлөх магадлал 1-5 хувь байна гэж тайлагнасан байна.

ДЭМБ-аас халдварын тархалт 40 хоногийн дотор нэмэгдэхгүй тохиолдолд “голомтын бүс” гэсэн ангиллаас гаргах тул Хятадын Засгийн газар халдварыг бууруулах талаар идэвхтэй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ХКН-ын Төв хорооны УТТ-ны Байнгын хороо 03 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, дараах 7 үндсэн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.

  • Ухань хотод халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах ажлыг тасралтгүй хийж, халдвар гадагш тархахаас урьдчилан сэргийлэх;
  • Бээжин, Шанхай зэрэг том хотод халдвар тархаж, эрчээ авахаас урьдчилан сэргийлж, иргэдийн хот руу орох, гарах урсгалд хяналт тавих;
  • “Covid-19” халдварт өвчний судалгаа, шинжилгээний ажлыг үргэлжлүүлэн хийх, судалгааны багийн бие бүрэлдэхүүн, хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • Муж, хотуудын халдварт өвчний зэрэглэлийг тогтоож, аж үйлдвэрлэлийг сэргээх;
  • Дотоодын хэрэгцээг тасалдуулахгүй байх үүднээс аж үйлдвэрүүдийг шат дараатай эхлүүлэх;
  • Дэлхийн эдийн засгийг тогтворжуулах, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх;
  • Хандив, тусламжийн ажлыг өргөжүүлж, төрийн болон төрийн бус аж ахуйн нэгжүүдийг уриалан чиглүүлэх.

Мөн цахим орчинд коронавирусийн талаар хятад болон гадаад хэл дээрх иргэдийн сэтгэгдэл, нийтлэлд хяналт тавих үүрэгтэй 1600 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж эхэлсэн бөгөөд 50 мянга гаруй мэдээллийг устгасан гэсэн мэдээлэл байна.

Бээжин хот иргэдээ ногоон, шар, улаан өнгийн QR кодын системд хамруулан хорио цээрийн дэглэмд хамаарах эсэхийг ялган танихаар болсон байна. Иргэд нэр, регистрийн дугаарын мэдээлэл болон царайгаа таниулах замаар код авах бөгөөд эрүүл, эрсдэлгүй иргэнд ногоон; эрсдэлтэй, хорио цээрийн дэглэм сахих шаардлагатай иргэнд шар, улаан өнгийн кодын аль нэг олгогдох аж. Түүнчлэн иргэдийн код 24 цаг тутамд хянагдан шинэчлэгдэж, 7 хоногийн дараа тухайн иргэний нэрийг системд оруулснаар эрүүл мэнд, хорио цээрийн байдлыг нь мэдэх боломжтой болох ажээ.

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

ҮСХ: Монгол эмэгтэйчүүдийн 5 хүн тутмын 1 нь дээд боловсролтой
ҮСХ: Монгол эмэгтэйчүүдийн 5 хүн тутмын 1 нь дээд боловсролтой
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.