Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байхаар БСШУСЯ-наас шийдвэрлэжээ.
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "БСШУСЯам Боловсролын үнэлгээний төвтэй ярилцаж уг шийдвэрийг гаргалаа. ЕБС-ийн 5, 9, 12-р ангийн хүүхдүүдээс улсын шалгалт авахгүй. Сурагчид хоцрогдсон хичээлүүдээ нөхөх, хичээлийн жилд үзэх ёстой судлагдахуунуудаа жигд сайн суралцаж төгсөх шаардлагатай байна. Математик, монгол хэл гэх мэт улсын шалгалтад авдаг хичээлүүддээ л анхаарч бусдыг анхаарахгүй орхигдуулах сул талтай байгаа учир энэхүү шийдвэрийг гаргалаа. Анги дэвших шалгалтыг цаашдаа ч авах шаардлагагүй юм байна гэж бид үзэж байна. Дэлхийн бусад улс орнуудад энэ төрлийн шалгалтыг авдаггүй. Хүүхдүүд улирлын шалгалтыг тухай бүрт нь өгч байгаа учир хичээлийн жилийн төгсгөлд дүнгээ нэгтгэж тооцон анги дэвшээд явах боломжтой.
Дөрөв, тавдугаар сард 2019-2020 оны хичээлийн хоцрогдлыг арилгаж жигд мэдлэгтэй төгсгөх тал дээр анхаарч ажиллана. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8-11-нд явагдана. Энэ жил заавал үзэх судлагдахуунаар авах болно. Өмнө жилүүдэд сонгож үзэх болон заавал үзэх судлагдахуун байсан. Сурагчид багш нартайгаа холбогдож, уулзаж шалгалтад бэлдэх байдал хомс байгаа учир ийнхүү шийдвэрлэсэн. Гэхдээ наана нь монгол хэлний шалгалтыг дөрөвдүгээр сарын 25-нд заавал өгнө" хэмээв.