Удам судраа сайн мэдэхгүйгээс болж цус ойртолт ихэсч генийн өөрчлөлт их гарах болсон. Үүнтэй холбоотойгоор “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар санаачилж, танилцуулав.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
“Монголын төрийн зүгээс сүүлийн гучин жил хүн ам зүйн асуудлаар ямар нэг бодлого чиглэл гарч байгаагүй. Хамгийн сүүлд 1991 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч БНМАУ-ын хүн ам зүйн бодлогын баримтлах чиглэл гэж гарч байсан. Иймд бид хүн ам зүйн тухайд төрийн бодлого шийдлийг өргөн барьж байна. Монголчууд малынхаа удмын санг маш их ярьдаг. Тэгсэн мөртлөө хүнийхээ удмын санг хамгаалах тухай асуудлыг сүүлийн 20, 30 жилд орхигдуулж иржээ. Удмын сангийн аюулгүй байдлын асуудал бол хар хайрцагны бодлогын асуудал байгаа. Монголын төрөөс хамгийн их анхаарах ёстой энэ асуудлыг бид өргөн барьж байна.
Израйл, Япон шиг оюуны чадавхи өндөртэй иргэдтэй болох асуудал хамгийн чухал. Хэрэв төрийн зүгээс анхаарахгүй орхигдуулбал цус ойртох эрсдэлтэй байна. Монголчууд баг хороо дотроо гэрлэх үзэгдэл 85 хувьтай байгаа нь судалгаагаар харагдсан. Энэхүү хүн ам зүйн асуудал маань 7 гол зүйл тусгасан" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
“Тогтвортой гэр бүлтэй зөв иргэнийг бий болгохын тулд гэр бүлийн эдийн засгийн баталгааг бий болгох зайлшгүй шаардлагатай. Иймд бид өнөөдрийн тогтоолд зургаа болон түүнээс дээш ам бүлтэй өрхийг ипотекийн зээлд хамруулах, цаашлаад орон сууцны урьдчилгааг нь төлөх хөтөлбөрийг Засгийн газраас оруулж ирэх заалтыг нэмсэн. Мөн эхийг жирэмсэн болсон цагаас эхлэн тодорхой хэмжээний төрийн хяналтад байлгах, эрүүл мэндийн хяналтад байлгах, төрсний дараа 7-14 хоногийн хугацаанд асаргаа сувилгаа, даатгалд хамруулах боломжыг судалж, оруулж ирэх саналыг Засгийн газарт гаргаж байна.
Түүнчлэн 5 жилийн хугацаанд төлөвлөсөн бодлогодоо шилжилт хөдөлгөөний тогтвортой байдал руу чиглэсэн бодлого оруулж ирэхийг санал болгов. Мөн гадаадад суралцаж буй иргэдээ эргээд эх орондоо ирж ажиллахыг нь дэмжих бодлого хэрэгтэй байна. Хар тамхи мансууруулах бодис, архидан согтууруулахтай холбоотой асуудлыг шийдэх хуулийн төсөл оруулж ирэх саналтай байна” хэмээв.