“Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолыг 1996 оноос хойш жил бүр уламжлал болгон шууд дамжуулан үзүүлдэг Америкийн “NBC” телевиз ирэх онд ёслолыг дамжуулахаас татгалзжээ. Наадмын шүүгчид нийгмийн олон янз байдлыг тусгадаггүйн улмаас ийм шийдвэр гаргасан байна.
“Алтан бөмбөрцөг” нь цар хүрээнийхээ хувьд Оскарын дараа ордог томоохон шагнал билээ. Тус шагналд шилдгийг тодруулдаг Холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбооны гишүүд сүүлийн саруудад шүүмжлэлд өртсөн байна. “Los Angeles Times” сонины хоёрдугаар сарын нийтлэлд дурдсанаар, гишүүдийн бүрэлдэхүүнд 20 жилийн хугацаанд нэг ч өнгөт арьстан иргэн байгаагүй гэнэ.
“Холливудын гадаад хэвлэл мэдээллийн холбоо томоохон өөрчлөлт хийхэд нухацтай хандана гэж бид найдаж байна. Ийм өөрчлөлт нэлээд хугацаа, хүчин чармайлт шаардах хэдий ч зөв зүйл хийхэд хугацаа хэрэгтэй гэж бид үзэж байна. Зорилтоо хэрэгжүүлбэл бид 2023 онд ёслолыг дамжуулна гэж найдаж байна” хэмээн “NBC” телевизийн мэдэгдэлд дурджээ.