Мягмар гарагт болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 47 хүрч, 790 хүн гэмтсэн гэж Албанийн Засгийн газар пүрэв гарагт мэдээлжээ. Албанид газар хөдлөлтийн улмаас ийм олон хүн амиа алдсан тохиолдол сүүлийн 40 жилийн хугацаанд бүртгэгдээгүй байна.
Байгалийн гамшигт нэрвэгдсэн Адриат тэнгисийн эргийн Дуррес хот тэргүүтэй нутгуудад онц байдал зарлажээ. Хүмүүс барилгын нурангинд дарагдсан байж болзошгүй тул Зэвсэгт хүчин, Гал түймэртэй тэмцэх газрын албан хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Албани улстай зэргэлдээ оршдог Итали, Грекээс байгалийн гамшигт нэрвэгдсэн нутгууд руу аврах багуудыг илгээжээ. Ромын пап Францис гамшгаас эсэн мэнд үлдсэн хүмүүст 100 мянган евро буюу 110 мянга орчим ам.долларыг хандивлахаа амласан байна.
Мягмар гарагийн өглөө болсон 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн голомт Албанийн нийслэл Тирана хотоос баруун зүгт ойролцоогоор 30 орчим километрын зайд байжээ.